Туул гол дагуу тохижилт хийх загвар зураг боловсруулах уралдаан зарлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-05-04 13:17:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн ЗДТГ-аас Туул голын эрэг дагуу дөрвөн байршилд концепц, загвар зураг боловсруулах уралдаан зарлалаа.


Туул гол дагуу Баянзүрхийн гүүрнээс Сонсголонгийн гүүр хүртэл 16 байршилд тохижилт хийхээр төлөвлөснөөс нэг газрыг нь бүрэн тохижуулаад байгаа. Есөн байршилд тохижилтын ажлын даалгаврыг баталсан бөгөөд эхний ээлжинд дөрвөн байршилд ийнхүү концепц, загвар зураг боловсруулах уралдаан зарлажээ.


Хорин сая төгрөгийн шагналын сантай энэ уралдаан нь иргэд амрах, зугаалах, чөлөөт цагаа тухтай, зөв боловсон өнгөрөөх, талбайн төлөвлөлтийг олон нийтийн оролцоотой хийх зорилготой юм. Уралдааныг дөрөвдүгээр сарын 30-наас зохион байгуулж, материалыг энэ сарын 20-ны 10.00-16.00 цагийн хооронд Нийслэлийн Засаг захиргааны II байр, Хангарди ордны 13 давхар Хот байгуулалт, хөгжлийн газарт хүлээж авах аж.


Мөн энэ сарын 20-23-нд Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын https://uda.ub.gov.mn/ сайтад байршуулан иргэд, олон нийтээс санал авсны дараа дүнгээ гаргана. Уралдаан зарлаж байгаа дөрвөн байршлын UTM 1:500-ын байр зүйн зургийг 11-321943 болон 90999918 утсаар холбогдож бүртгүүлэн, и-мэйлээр авах ажУралдаанд зураг төсөл боловсруулдаг мэргэжлийн байгууллага, хувь хүн, уран бүтээлч, оюутан, залуус оролцох боломжтой юм байна.


Хот байгуулалт, хөгжлийн газрын Ерөнхий архитекторын ажлын албаны ахлах мэргэжилтэн Г.Хосбаяр уралдааны шалгаруулалтын талаар мэдээлэхдээ, “Шинэлэг байдал, иргэдийн амрах нөхцөлийг бүрдүүлсэн, байгальд ээлтэй орчин үеийн  техник технологийн шийдлийг тусгасан, ажлын гүйцэтгэл иж бүрдлийг хангасан, иргэд, олон нийтийн санал гэсэн таван шалгуураар үнэлнэ” гэв.


Уралдааны тэргүүн байрт шилдэг нэг бүтээлийг шалгаруулж, 15 сая төгрөг, дэд байрт мөн нэгийг шалгаруулж таван сая төгрөгөөр урамшуулна. Шилдгээр шалгарсан бүтээлийн концепц, үзэл санааны дагуу тохижилтын зураг хийх юм.

Холбоотой мэдээ