Хугацаат цэргийн алба хаагчид монгол бичиг сурч байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2021-05-06 14:14:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хугацаат цэргийн албан хаагчдын санаачилгаар монгол бичиг, солонгос хэл, шатар, 100 буудалт даамны дугуйлангуудыг нэмэлтээр хичээллүүлж эхэлжээ.


Зэвсэгт хүчний 326 дугаар ангиас хугацаат цэргийн алба хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, өөрсдийгөө бие даан хөгжүүлэхэд нь туслах зорилгоор англи хэл, уран зураг, гитарын дугуйланг хичээллүүлж байгаа бөгөөд энэ хүрээнд дээр дурдсан дугуйланг нээсэн байна.


МУБИС-ийг монгол хэл, уран зохиолын багш мэргэжлээр төгссөн, нийслэлийн ерөнхий боловсролын 52 дугаар дунд сургуульд мэргэжлээрээ ажиллаж байсан, байлдагч А.Төгөлдөр дугуйлангаа удирдахын зэрэгцээ бичиг үсэг үл мэдэгч хугацаат цэргийн гурван алба хаагчид бичиг үсэг зааж байна.


Мөн илтгэх ур чадварыг сайжруулах, өөртөө итгэлтэй иргэн байхад нь туслах зорилгоор 7 хоног бүр хугацаат цэргийн алба хаагчид өөрсдийн сонирхсон сэдвээр илтгэл тавьж байгаа аж. Энэ долоо хоногт байлдагч Ө.Дөлгөөн “Ус чандмань эрдэнэ”, байлдагч М.Доржсамбуу “Эх орны хөгжил бидний гарт”, байлдагч А.Энхжин “Авто машин” зэрэг сэдвээр сонирхолтой илтгэл тавьсан байна.

Холбоотой мэдээ