“Samsung” шинэ гар утаснуудаа наймдугаар сард танилцуулж магадгүй

Дэлхийд | Эдийн Засаг
khulan@montsame.gov.mn
2021-05-10 14:11:02

СӨҮЛ. /Yonhap/. Дэлхийн гар утасны зах зээлд манлайллаа бэхжүүлэхийг эрмэлзэж буй “Samsung” компани шинэ ухаалаг гар утаснуудаа ирэх наймдугаар сард танилцуулах төлөвтэй байна гэж эх сурвалжууд ням гарагт мэдээлжээ.


Тэдний мэдээлснээр, “Samsung” компани “Galaxy S21 FE, Galaxy Z Fold3”, Galaxy Z Flip3” гар утсаа наймдугаар сарын сүүлээр танилцуулах талаар дотоодын үүрэн холбооны оператор компаниудтай хэлэлцээ хийж байгаа ажээ.


Хэрэв энэхүү мэдээлэл үнэн болох нь батлагдвал Samsung” шинэ гар утаснуудаа ердийн үеийнхээсээ эрт танилцуулна гэсэн үг юм. Тухайлбал, өнгөрсөн онд “Galaxy S20 FE” утсыг 10 дугаар сард, “Galaxy Z Fold2”, “Galaxy Z Flip” эвхэгддэг гар утаснуудыг есдүгээр сард танилцуулж байжээ.


Шинжээчдийн үзэж буйгаар, тус компани жил бүрийн наймдугаар сард танилцуулдаг “Galaxy Note” загварынхаа орон зайг нөхөхийн тулд шинэ гар утаснуудаа эрт танилцуулахыг зорьж байж магадгүй байна. Учир нь “Samsung” энэ онд шинэ “Galaxy Note” худалдаанд гаргахгүй гэдгээ өмнө нь цухас дурдаж байжээ.


Хэдийгээр “Samsung” шинэ гар утаснуудынхаа талаар ямар нэгэн мэдээлэл гаргаагүй байгаа боловч гадаадын мэргэжилтнүүд “Galaxy Z Fold3”-ыг тус компанийн анхны дэлгэцийнхээ цаана камертай эвхэгддэг утас болохоос гадна ухаалаг үзэгтэй байж магадгүй хэмээн таамаглаж байна.


Мөн хясаа хэлбэрийн “Galaxy Z Flip3” гар утасны хувьд илүү том дэлгэцтэй, хямд үнэтэй байх магадлалтай байгаа ажээ. 

Холбоотой мэдээ