АН-ын тамгатай холбоотой маргааны шүүх хурал дахин хойшлов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2021-05-10 20:45:39
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ардчилсан намын тамганы хяналтын дугаарыг шинээр олгосон улсын бүртгэлийн байгууллагын шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг давж заалдах шүүх хурал энэ сарын 17-ныг хүртэл дахин хойшиллоо.


Тодруулбал, УБЕГ-аас 2020 оны 12 дугаар сарын 25-нд С.Эрдэнэд АН-ын тамгыг шинээр олгосон шийдвэрийг энэ оны хоёрдугаар сарын 2-нд нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч захирамж гаргаж түдгэлзүүлсэн юм. Уг шийдвэрийг С.Эрдэнэ эсэргүүцэн гомдол гаргасан бөгөөд давж заалдах шатны шүүх хуралдаан өнөөдөр болсон юм. Шүүх хуралдааны үеэр, нэхэмжлэгч тал буюу О.Цогтгэрэл тэргүүтэй АН-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нямжаргалын гаргасан "шүүх хурал давхацсан тул уг шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжоор хангаж өгнө үү" гэсэн хүсэлтийг хүлээн авчээ. Иймд шүүх хуралдааныг хойшлуулахаар шийдвэрлэсэн байна. 


Ташрамд дурдахад, уг давж заалдах шатны шүүх хурал энэ сарын 4-нд болох байсан ч нэхэмжлэгчийн өмгөөлөгчид шүүх бүрэлдэхүүнээс татгалзах хүсэлт гаргаснаар түр хойшлоод байв. Мөн энэ сарын 7-ны өдөр дахин шүүх хурал болсон бөгөөд нэхэмжлэгч талаас шинээр авсан өмгөөлөгчд хэргийн материалтай танилцах хүсэлтийг гаргаснаар дахин хойшилсон юм.

Холбоотой мэдээ