Гуравдугаар сарын сүүний урамшуулалд 948.7 сая төгрөг олгожээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2021-05-11 14:44:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын 130 дугаар тогтоол, ХХААХҮ-ийн сайдын тушаалаар малчид, саальчдад сүүний урамшууллыг олгож байгаа. Үүний дагуу энэ оны 3 дугаар сарын сүүний урамшууллыг олгожээ.


Энэ хугацаанд 1724 малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгч 1.8 сая литр үнээний шингэн сүү бэлтгэн нийлүүлжээ.  Тэдэнд 948.7 сая төгрөгийн мөнгөн урамшууллыг Төрийн сангийн дансаар дамжуулан шилжүүлсэн байна.

Мөнгөн урамшууллыг журамд заасны дагуу ҮСХ-ны жилийн эцсийн мал тооллогын нэгдсэн мэдээлэл, татварын цахим төлбөрийн баримт, мал эмнэлгийн гарал үүслийн гэрчилгээний мэдээлэлд үндэслэн тооцон олгож байгаа юм.

Сүүний урамшууллыг 2025 оны 6 дугаар сарын 1 хүртэл, жил бүрийн 11 дүгээр сарын 1-нээс 3 дугаар сарын 31-нийг дуустал буюу өвлийн 5 сарын хугацаанд үргэлжлэн олгох юм. Тодруулбал, сүү нийлүүлэгч малчид, фермер, ААН-үүдэд сүүгээ тушаасан өдрөөс хойш урамшууллыг дараа сарын 20-ны дотор багтаан олгож байгаа юм. 


Засгийн газрын 130 дугаар тогтоолоор баталсан “Сүү боловсруулах үйлдвэр, цехэд техникийн зохицуулалтын шаардлагад нийцсэн малын түүхий сүү бэлтгэн нийлүүлсэн малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдэд мөнгөн урамшуулал олгох журам”-ын дагуу өнгөрсөн оны 11 дүгээр сараас хойш нийт 7792 малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдэд 3 тэрбум төгрөгийн сүүний урамшуулал олгожээ.

Чанарын шаардлага хангасан сүү бэлтгэн нийлүүлж байгаа малчин, фермерүүд урамшуулалд хамрагдсанаар үхэр нэмж худалдан авах, малын тэжээлийг нэмэгдүүлж, тэр хэрээр сүүний гарц, чанарыг сайжруулах бодит дэмжлэг болж байгааг малчид онцолж байна. 


Холбоотой мэдээ