Гадаадын иргэний баримт бичгийг шуудангаар хүргэдэг болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2021-05-11 15:17:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаадын иргэн, харьяатын газар коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх зорилгоор Кэй Жи Би Тэгбэ хүргэлтийн компанитай хамтран ажиллах гэрээ байгуулж, гадаадын иргэний баримт бичгийг баталгаат шуудангаар хүргэхээр боллоо.


Тодруулбал, гадаадын иргэн, түүнийг уригч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлтийн дагуу гадаадын иргэний паспорт, оршин суух үнэмлэх, гэрчилгээ, тодорхойлолт болон бусад баримт бичгийг Улаанбаатар хот дотор хүргэх боломжтой болж байна.


Үйлчилгээтэй холбоотой хүсэлтийг хянаж, зөвшөөрсөн шийдвэр гарснаас хойш 24-36 цагийн хугацаанд баримт бичгийг үйлчлүүлэгчид хүргэх юм. Хэрэв татгалзсан тохиолдолд төлбөрийг буцаан олгоно.


Хүргэлтийн үйлчилгээ нэвтэрснээр гадаадын иргэн, түүнийг уригч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага баримт бичгээ авахаар заавал биечлэн ирэх шаардлагагүй цаг хугацаа хэмнэн, гараас гарт найдвартай, шуурхай үйлчилгээ авах боломж ийнхүү бүрдэж байна.



Холбоотой мэдээ