Израилын хойд хэсгийн хотуудад мөргөлдөөн болж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-05-12 11:34:37

БЕЙРУТ. /TASS/. Израилын хойд хэсгийн хот, суурингуудын араб оршин суугчид Зүүн Иерусалим, Иордан голын Баруун эрэгт болж буй эсэргүүцлийн ажиллагаанд нэгдлээ гэж Бейрутээс нэвтрүүлгээ дамжуулдаг пан арабын “Al Mayadeen” телевиз мэдээлжээ.


Тус телевизээр мэдээлснээр, Израилын Умм-эль-Фахм хотод палестинчуудыг дэмжигчдийн томоохон жагсаал цагдаа нартай мөргөлдөөн болж хувирсан байна. Хууль сахиулагчид жагсагчдын эсрэг нулимс асгаруулагч хий, резинэн сум хэрэглэж байгаа аж.


Мөн Акко, Бака аль-Гарбия хотуудад арабууд болон еврейчүүдийн хооронд ширүүн мөргөлдөөн болж байна. Тель-Авиваас зүүн өмнө тийш 20 км-ийн зайтай оршдог Лод хотод үүсээд буй нөхцөл байдал "эрх баригчдын хяналтаас гарч", хотын дарга нь Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяхугаас армийн ангиудыг илгээхийг шаарджээ. Үймээн самууны үеэр  араб залуус израилчуудын машинуудыг галдан шатааж эхэлсэн байна. Түүнчлэн хотын сүмүүдийн нэгийг галдан шатаахыг оролджээ.


Газын зурваст байрладаг ХАМАС хөдөлгөөний отрядууд Израилын нутаг дэвсгэр лүү пуужин харвасаар байгаа бөгөөд арабуудын оршин суудаг хот, суурингуудад эмх замбараагүй байдал улам газар авчээ. Израилын Агаарын цэргийн хүчин Газын зурваст хариу цохилт өгсөөр байна.

Холбоотой мэдээ