Хөл бөмбөгчин Г.Ганбаяр "Европа" лигийн урьдчилсан шатанд тоглоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-05-12 15:02:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Унгарын "Пушкаш Академи"-ийн нэгдүгээр баг ирэх улиралд "Европа" лигийн урьдчилсан шатанд өрсөлдөх эрх авлаа.


Монголын хөл бөмбөгийн холбоо, “Пушкаш академи”-ийн хамтын ажиллагаа, төслийн хүрээнд анх Унгарыг зорьсон 4 хөл бөмбөгчний нэг Ганболдын Ганбаяр клубийнхээ хамтаар Унгарын дээд лигийн мөнгөн медалийг хүртсэн билээ.


Европ тивийн хөл бөмбөгийн клубтэй мэргэжлийн тоглогчийн гэрээг анхлан хийсэн Г.Ганбаяр ийнхүү буурал тивийн томоохон лигээс медаль хүртсэн анхны монгол хөл бөмбөгчин болсон юм.


Г.Ганбаяр “Пушкаш академи”-ийн нэгдүгээр багийн хамт дээд лигийн хэд хэдэн тоглолтод гарааны бүрэлдэхүүнээс тоглож, 2 дугаар багийн гарааны бүрэлдэхүүнд багтаж 26 тоглолт, 3 гоол оруулсан амжилтыг энэ улиралд үзүүлсэн.


Түүнчлэн Монголын шигшээ багтаа анх удаа дуудагдаж Тажикистан, Японы шигшээ багуудын эсрэг гарааны бүрэлдэхүүнээс тоглосон билээ.


Ташрамд сонирхуулахад, Унгарын Пушкаш Академид 2016 оноос 12 залуу хөл бөмбөгчин амжилттай суралцаад байна.


Монгол хөл бөмбөгчид хилийн дээс алхаж хөл бөмбөгийн хөгжлөөрөө дэлхийд тэргүүлдэг улсуудад мөрөө үлдээх үйлсийг дэмжиж, хамтран ажилласан Унгарын Пушкаш Академи, Унгар дахь Монгол улсын Элчин сайд З.Батбаярт талархал илэрхийлэхийн ялдамд Г.Ганбаярыг үргэлж дэмжиж байдаг ээж аав, багш дасгалжуулагч, хамт олонд нь МХБХ-ноос баяр хүргэжээ.

Холбоотой мэдээ