НДШ-ийг 2 хувиар бууруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Нийгмийн даатгалын шимтгэлийг 2 хувиар бууруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ.
Төсөл санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин танилцуулав. УИХ-ын гишүүн Г.Ганболд, Т.Энхтүвшин, Н.Наранбаатар, Ж.Батжаргал, Д.Өнөрболор, Д.Батлут, Ц.Сандаг-Очир, Х.Болорчулуун нар 2021 оны тавдугаар сарын 4-ний өдөр хуулийн төслийг өргөн мэдүүлжээ.
Дэлхий нийтэд цар тахал дэгдсэн үед, ажил олгогч болон даатгуулагчаас төлөх тэтгэврийн даатгалын шимтгэл тус бүр 9.5 хувь болж нэмэгдсэн нь аж ахуйн нэгж болон иргэний орлогод нөлөөлж байна гэж төсөл санаачлагч гишүүд үзсэн байна. Энэ хүнд цаг үед аж ахуйн нэгж, байгууллагыг санхүүгийн хувьд дэмжих зорилгоор нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, Ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх эрх зүйн зохицуулалтыг төрөөс хийж, 2021 оны долдугаар сарын 1-ний өдрийг хүртэл ажил олгогч болон даатгуулагч нар нийгмийн даатгалын шимтгэлээс зөвхөн тэтгэврийн даатгалын шимтгэлийг хөнгөрүүлсэн хэлбэрээр буюу 8.5 хувиар төлөх зохицуулалт хэрэгжүүлж байна. Төрөөс дэмжих олон арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа ч цар тахлын нөлөө нүүрэлсэн энэ цаг үед олон арван аж ахуйн нэгж хаалгаа барихад хүрч, ажил эрхэлж буй хүмүүсийн ашиг орлого буурснаар эдийн засгийн хувьд хүнд байдалд ороод байгааг төслийн танилцуулгад дурдсаныг Т.Энхтүвшин гишүүн танилцууллаа.
Энэхүү нөхцөл байдлыг үндэслэн Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулж, нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээг тодорхой хувиар бууруулахаар төсөл санаачлагчид төслийг боловсруулжээ. Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсгийн тэтгэврийн даатгалын шимтгэлийн хэмжээ 9.5 гэснийг 8.5 гэж өөрчлөхөөр тусгасан байна. Ингэснээр ажил олгогч, даатгуулагч тус бүрийн төлөх шимтгэлийн хэмжээ 1 хувиар буурах юм. Төсөл батлагдсанаар даатгуулагчийн орлого дунджаар 10 орчим хувиар өсөж, аж ахуйн нэгжид очих эдийн засгийн дарамт багасан, ажлын байр хадгалах, улмаар нэмэгдүүлэх, тэр хэрээр хөдөлмөр эрхлэгчдийн амьдралын чанар дээшлэх ач холбогдолтой гэж үзсэн байна. Хуулийн төсөл батлагдвал Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 189.3 тэрбум төгрөгөөр буурч, улсын төсвөөс Тэтгэврийн даатгалын санд олгох санхүүгийн дэмжлэг мөн хэмжээгээр нэмэгдэх тул Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуульд тус тус зайлшгүй өөрчлөлт оруулах шаардлага үүссэнийг төсөл санаачлагчийн илтгэлд дурдав.
УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны энэ сарын 11-ний хуралдаанаар төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир танилцууллаа.
Төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Б.Бат-Эрдэнэ, Г.Тэмүүлэн, Ж.Сүхбаатар, С.Чинзориг, Н.Алтанхуяг, Ж.Бат-Эрдэнэ, Д.Ганбат, М.Оюунчимэг, Х.Ганхуяг нарын гишүүн асуулт асууж, хариулт авлаа.
Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, цар тахлын улмаас иргэд, аж ахуйн нэгжийн орлого багассан энэ үед НДШ-ийг чөлөөлөхийг дэмжиж буйгаа илэрхийлэв. Мөн тэрээр, 1.1 сая төгрөгийн цалинтай хүний 34.7 хувийнх нь цалин бүх төрлийн татвар, шимтгэлд тушаагдаж буйг Үйлдвэрчний эвлэлийн хороо тооцож гаргасныг дурдав. Сүүлийн таван жилийн хугацаанд НДШ-ийг таван хувиар нэмсэн бөгөөд үр ашиггүй зарцуулдаг, сангийн мөнгө байхгүй болдог асуудал нийгмийн бухимдлыг төрүүлж буйг тэмдэглэв. Нөгөөтэйгүүр, зэсийн үнэ дэлхийн түүхэнд байгаагүйгээр өсөж байгаа энэ үед иргэдэд ачаа болгохгүйгээр зохицуулах боломжтийг лавлахын зэрэгцээ төсөвт ямар нэгэн дарамт болох эсэийг тодрууллаа.
УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин, хуулийн төслийн хэрэгжих хугацааг энэ оны долоодугаар сарын 1-нээс тооцвол 94 тэрбум, нэгдүгээр сарын 1-нээс эхлүүлбэл, 140 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилт шаардлагатай гэдгийг хариулав. Үүнийг төсөвт тодотгол хийх эсхүл 2022 оны төсөвт суулгаж оруулах бүрэн бололцоотойг тэмдэглэв. Тэрбээр, "Нийгмийн даатгалын таван сан, тэтгэврийн даатгалын сан алдагдалтай ажилладаг. Харин эсрэгээрээ ажилгүйдэл, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах даатгал хэмнэлттэй ажилладаг. Тиймээс хооронд нь зохицуулалт хийвэл алдагдалгүй болох бололцоотой гэж үзэж байна" хэмээн гишүүний асуултад хариулт өглөө.
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, цар тахлын үед НДШ-ийг бууруулахыг дэмжиж буйгаа илэрхийлээд, олон жил ярьж байгаа нийгмийн даатгалын тогтолцоонд шинэчлэл хийх асуудалд Засгийн газар ямар бодлого баримтлах, хуулийн төслөө хэзээ өргөн барихыг лавлалаа. Сүүлийн жилүүдэд тэтгэвэр авагчдын тоо нэмэгдэж, ажилгүйдлийн тоо багасахын зэрэгцээ иргэдийн насжилт нэмэгдэж байгааг дурдаад, шинэ тогтолцоонд шилжихгүй бол нийгмийн даатгалын сан эрсдэлээ үүрч чадахгүй хэмжээнд хүрэх эрсдэлтэй байгааг анхааруулав.
ХНХ-ын сайд А.Ариунзаяа, Монгол Улсад тэтгэврийн тогтолцоо бусад орнуудтай харьцуулахад харьцангуй шинэ буюу 1995 онд бий болсон. Энэ тогтолцоонд гажуудал үүссэн шалтгааныг хуульд 22 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсантай холбоотой гэж үздэг. Тиймээс аливаа бодлого тогтвортой байх чиглэлд Засгийн газар анхаарч ажиллана. 1995 онд тэтгэврийн шимтгэл 19 хувь байсныг 2008 онд 14 хув болгож огцом бууруулсан. Мөн хуулийн 22 удаагийн нэмэлт, өөрчлөлт нь ихэнхдээ хөнгөлөлт олгох байсан. Харин 2017 онд ОУВС-нд нэгдэх үед Монгол Улсад санхүүгийн гажуудлыг засах зөвлөмж өгсөн. Энэ хүрээнд НДШ-ийг үе шаттай нэмэх шийдвэр гарснаар 2021 оноос 19 хувь буюу 1995 оныхтой ижил хэмжээнд хүрээд буйг онцлов. Гэхдээ цар тахлын нөхцөл байдал хүндэрч байгаа энэ үед хоёр хувиар нэмэх асуудлыг хойшлуулах, эсхүл бүр мөсө цуцлах ассудлыг ярихаас аргагүйг онцоллоо. УИХ-аас 2015 онд Төрөөс тэтгэврийн талаар баримтлах бодлого баталсан бөгөөд 2030 он гэхэд тэтгэврийн тогтолцоог олон давхаргад шилжүүлэхээр заасан байгааг тэмдэглэлээ. Энэ хүрээнд боловсруулсан Нийгмийн даатгалын багц хууль өргөн барихад бэлэн болоод буйг дуулгалаа.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, "НДШ-ийг 2018 онд хоёр хувиар, 2019 онд нэг хувиар, 2020 оноос дахиад хоёр хувар нэмэх байсныг нь түр хойшлуулсан. Одоо тэр хоёр хувийг нь нэмэхгүй байх нь зүйтэй гэдэг агуулгаар дээрх хуулийн төслийг өргөн барьсан гэж ойлгож байна. Нийгмийн даатгалын сан арилжааны банкуудад шүүхийн шийдвэрээр хэдэн төгрөг алдаад байна вэ. Үндсэн мөнгө, хүү, торгууль, алданги хэдэн төгрөгийн буцаан авах ёстойг хэлж өгнө үү. Мөн хуулийн төслийн хэрэгжих хугацааг долоодугаар сарын 1-нээс гэж өргөн барьсныг нэгдүгээр сарын 1 болгож өөрчлөх саналтай байна" хэмээлээ.
ХНХ-ын сайд А.Ариунзаяа, 2017 онд Монгол Улс дефолт зарлах эрсдэлтэй байсан тул ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахад олон улсын шинжээчид тэтгэврийн санд алдагдал их байгааг тогтоосон. Цаашдаа энэ бодлогоо засахгүй бол 2030 онд алдагдал ДНБ-ий 8 хувьд хүрч энэ сан дампуурах эрсдэлэтэйг учирласан. Тиймээс үе шаттайгаар НДШ-ийг 5 хувиар нэмж 1995 оны үеийнхтэй ижил хэмжээнд хүргэхээр шийдвэр гарсан" хэмээн хариулав. Нийгмийн даатгалын байгууллагын хувьд, Капитал банктай холбоотой үүссэн 104 тэрбум төгрөгийн авлага байгаагаас 1.5 тэрбум төгрөгийг нь татан төвлөрүүлжээ. Одоогоор тус банкнаас 102.6 тэрбум төгрөгийн авлага үлдээд байгаа аж.
Гишүүд асуулт асууж, хариулт авч, дуусаны дараа УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Т.Доржханд, Д.Сарангэрэл, Н.Учрал нарын гишүүд үг хэллээ. Ингээд санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн Байнгын хорооны саналыг дэмжлээ.