Зөвшөөрөлгүй барьсан 400 гаруй хашаа, хайс, шон, хаалтыг буулгалаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-05-13 12:35:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэл хотод нийтийн эзэмшлийн газарт зөвшөөрөлгүй барьсан 423 хашаа, хайс, шон, хаалтыг буулгалаа.


Нийслэлийн Засаг даргын захирамжаар иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ, хангамжийг нэмэх, авто замын түгжрэлийг багасгах, ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн зам, талбайг нэмэхээр стандартын бус хашаа, хайс барьсан газрыг чөлөөлж байна.


Энэ хүрээнд Сүхбаатар дүүрэгт 27 байршлын 214, Чингэлтэй дүүргийн 23 байршлын 102, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 11 байршлын 107 газрын зам, талбайг чөлөөлжээ.


''Газрын зөрчил арилгах, газар чөлөөлөх үед мөрдөх журам''-д зааснаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас хураасан чингэлэг, гарааш, гараашны эд анги, ТҮЦ, зөөврийн байгууламж, хашаа, хайс, шон, гинж, самбар зэргийг эрх бүхий албан тушаалтан, цагдаагийн байгууллагын албан хаагч, хөндлөнгийн гэрчийг оролцуулан тэмдэглэл үйлдэн, зураг авч, бичлэг хийх зэргээр баримтжуулан, эд зүйлийг бүртгэлжүүлэн, журмын хашаанд хадгалдаг аж.


Эзэмшигчид нь буцаан олгохдоо тухайн дүүргийн хариуцсан Газар зохион байгуулалтын албаны ахлах мэргэжилтэн, хөрөнгө санхүү хариуцсан ажилтан, журмын хашааны сахиул, хадгалагч этгээд, эзэмшигчийг нь байлцуулан тэмдэглэл үйлдэн баталгаажуулж хүлээлгэж өгдөг байна.

Холбоотой мэдээ