Кофешоп, бялдаржуулах төв, бассейн, сургалтын төвийг маргааш нээнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2021-05-14 12:57:44
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УОК-ын шуурхай ажлын баг өнөөдөр хуралдаж хязгаарлалттай байгаа зарим салбарын үйл ажиллагааг шат дараатай нээх шийдвэр гаргасан тухай УОК-ын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү мэдээлэв. 


Тодруулбал,

  • Кофешоп танхимаар үйлчлэх, /Заал, танхимын 50 хувийг дүүргэх/ 
  • Бүх төрлийн сургалтын танхим /10 хүртэлх хүн/
  • Чийрэгжүүлэх, бялдаржуулах төв, Фитнесс, Йог /Заал 50 хувь дүүргэх/
  • Бассейн /50 хувь дүүргэх/ нээхээр болж байна. 

Ингэхдээ, вакцины давтан тунгаа хийлгээд 14 хоносон буюу бүрэн дархлаа тогтсон, халдвар аваад эдгэрсэн хүмүүст нээлттэй байх аж. Тиймээс иргэд E-Barimt аппликейшнээс вакцинд хамрагдсан гэрчилгээ бүхий QR кодоо авч, үйлчилгээний газарт уншуулж нэвтэрнэ. Харин аж ахуйн нэгжүүд мөн E-Mongolia аппликейшний вакцины QR код цэс рүү орж тухайн иргэний дархлаажсан эсэхийг шалгах юм. Өвдөөд эдгэрсэн хүмүүсийн хувьд, дөрвөн сарын хугацаанд хүчинтэй эмчийн магадлагааны QR кодоо уншуулах юм байна. Хүүхдүүдийн хувьд, вакцинжуулалт хийгдээгүй тул халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахиж сургалтын төвд орж болно гэдгийг Засгийн газрын Хэвлэл, мэдээлэлтэй харилцах газрын дарга Ц.Ганзориг мэдээллээ. 


Нийслэлд вакцинд хамрагдах ёстой хүмүүсийн 95 хувь нь эхний тунд, 52 хувь нь давтан тунд хамрагдаад байгаа учраас тэдгээр иргэддээ үйлчилгээ нээж буй юм.


Дээрх шийдвэрийг гаргахдаа мэргэжлийн байгууллага, эрдэмтэн, судлаачдын санал, дүгнэлтэд тулгуурласан бөгөөд цаашид долоо, долоо хоногийн давтамжаар хязгаарлалттай 18 салбарыг үе шаттай нээхээр төлөвлөж байна. Тухайлбал, энэ сарын 22-ноос 6-7 төрлийн үйл ажиллагааг нээнэ. Үүнд ресторан, хоолны сүлжээ газар, томоохон зах буюу худалдааны төв, амралт, сувиллын газар, саун, орон нутаг явах, ирэх зэрэг чиглэлийг нээхээр төлөвлөж байгаа аж.








Холбоотой мэдээ