Хакүхогоор бахархах монгол омогшил

ТОЙМ
n_sarchihg@yahoo.com
2021-07-22 20:00:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/.


Амны хаалттай дэлхий айдас хүйдэстэй байгаа энэ цаг дор сэтгэл хөглөж, омогшил бахархал төрүүлэх сайхан зүйл ч бас байгаа нь юутай таатай. Мэргэжлийн сүмо бөхийн Нагоя башёгийн сүүлийн 15 дахь өдөр 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийг давж 45 дахь удаагаа цом өргөсөн тэр агшинг спортынхон бахархан ярьсаар байна. Хакүхогийн хувьд Ковид-19 болон өвдөгний бэртлийн улмаас 6 башё дараалан бүтэн барилдаж чадаагүй билээ. Эзэн хааны цомыг хүртсэн Хакухо “Баруун өвдөг маань хүссэн шиг байж чадаагүй ч энэ насан дээрээ ганц ч унаагүй түрүүлнэ гэж бодсонгүй. 4 настай охин маань аавыгаа Сумогийн бөх гэдгийг ойлгосон байх. Түүнийг энэ мөчийг санана гэж найдаж байна. Би үнэхээр жаргалтай байна” хэмээгээд “45 дахь цомоо тэнгэрт хальсан аавдаа зориуллаа” гэдгээ хэлсэн.  


Их аварга Хакүхо "Бэртэл, гэмтлийн улмаас зургаан башё дараалан өнжлөө. Жил тойрлоо. Энэ жил өвдөгний хагалгаа хоёр удаа хийлгэлээ. Үнэндээ их аварга цол авснаас хойш 15 жил зүтгэж, 44 удаа цом өргөсөн надад дахин түрүүлэх шунал, дэвжээнд хоргодох санаа огт байхгүй болжээ. Ердөө ганц л зорилготой би энэ башёд зодоглосон. Энэ бол "Токио-2020" зуны олимпийн нээлтийн тугийг өргөж жагсах явдал юм. Зодог тайлчихвал энэ хүсэл мөрөөдлөө давхар тайлчих гээд байлаа. Тиймээс цар тахал туссан ч, гэмтэж бэртсэн ч, жил тойрон энэ л башёг тэсэн ядан хүлээлээ. Олимпийн сарын энэ башёг би тэнгэрт хальсан Монголын тэнгэрлэг бөх, Мехикогийн олимпоос мөнгөн медаль авч, Монгол Улсаа олимпийн тэнгэрт мандуулсан, "Токио-1964" олимпод монголчууд анх удаа оролцоход Монголынхоо далбааг өндөрт өргөн жагссан, дархан аварга - аав Мөнхбатдаа зориулж байгаа юм. Аав минь олимпод оролцож Монгол Улсын далбааг Олимпийн тэнгэрт мандуулсан, аав минь миний эхлэл...бөх аавын хүү би их азтай хүн, гэхдээ аз хөдөлмөрлөсөн хүнд л ирдэг" гэсэн нь олон хүнийг огшоосон үйл явдал болсон юм.

Тийм ээ, Хакухо хэлсэндээ, зорьсондоо хүрлээ.

 

Өвдөгний хүндхэн хагалгаанд орсныхоо дараа мэргэжлийн сумогийн дэвжээн дээр 45 дахь цомоо өргөж зогсохыг нь харах үнэхээр бахдам байлаа. Хагалгааны дараа өвдөгтөө хуримтлагдсан шингэнийг өдөр бүр хагас шилэн аягаар соруулуулж, эрсдэл, өвдөлтийг тэвчин бэлтгэлээ шаргуу хийж байсан нь ийм амжилтыг, эцэгтээ амласан амлалтаа биелүүлэх хүчийг өгсөн гэдэгт эргэлзэхгүй байна.

 

Нэгэн түүх сөхье. Одоогоос 7 жилийн өмнө буюу 2014 оны долоодугаар сарын 27-ны өдөр ингэж бичиж байлаа. “Японы мэргэжлийн сумогийн Нагоя башё Хакүхогийн манлайллаар өндөрлөв. Тэрбээр сүүлийн өдрийн барилдаанд мэргэжлийн сүмогийн 70 дахь их аварга Харүмафүжи Д.Бямбадоржтой барилдаж давсан юм. Ийнхүү 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал 30 дахь түрүүгээ авлаа. Энэ бол яах аргагүй монголчуудын бахархал. Бас маш өндөр хариуцлагын өмнө тулж ирлээ гэсэн үг. 30 дахь түрүүг авснаар Японы мэргэжлийн сумогийн бүх цаг үеийн түүхнээ хамгийн олон түрүүлсэн хэмээх гайхамшигт амжилтад хүрэхэд хоёрхон шат дутуу үлдэв. Одоо хоёр түрүүлэхэд л түүхэн дээд амжилт тогтоох болно. Мянган жилийн түүхтэй гэгддэг сүмогийн дэвжээнээ 30 болон түүнээс дээш түрүүлсэн гуравхан бөх байдаг билээ. Сүмо бөхийн түүхнээ хамгийн олон түрүүлсэн амжилтаараа 1961-1971 оны хооронд 32 түрүүлсэн Тайхо их аварга, 1981-1991 оны хооронд 31 түрүүлсэн Чиёонофүжи их аварга нар бичигдэж байгаа. Харин эдний араас шил даран Монголын М.Даваажаргалын нэр бичигдэв. Ингэснээр Хакүхо сумогийн алдарт аваргуудтай мөр зэрэгцэж, домогт аваргуудын эгнээнд  орж ирж байгаа юм. Амжилтаар нь эрэмбэлвэл түүний ард сумогийн дэвжээнээ 25 удаа түрүүлсэн аатай монгол бөх Асашёорюү Д..Дагвадорж жагсаж байна. Энэ үнэхээр бахархмаар биш гэж үү. Үндэсний уламжлалаа хадгалсан, өөрийн гэсэн өвөрмөц дэг жаягтай сумо бөхийн түүхэнд, хүний нутгийн дэвжээнээ Монголын бөхчүүд ийнхүү магнайлж байгаад бид омогшихгүй бол өөр хэн омтгойрох билээ.




Наран улсын өнө эртний түүхтэй энэ барилдаанд өвөрмөц нэгэн өнгө нэмж, тэр хэрээрээ өрсөлдөөн бий болгож, үзэгчдийг соронздон татах хэмжүүр болсон зүйл нь яалт ч үгүй монгол бөхчүүд байсан гэхэд хэтийдэхгүй биз. Сүмогийн дэвжээнд монгол бөхчүүд зодоглож эхэлсэн цагаас цахиур хагалсаар өдийг хүрсэн. Үүнтэй хэн ч маргахгүй. Сумод 20-иос дээш түрүү авсан бөхчүүдийг дай ёкозүна гэж нэрлэдэг. Энэ нь түүхэн амжилт гаргасан гэсэн үг юм. Тэгэхээр үүнийг дархан аварга гэж монголчилж болмоор санагдана. Тэгвэл арлын Японоос төрсөн сумо бөхийн хоёр дархан аварга нь Д.Дагвадорж, М.Даваажаргал нар. Энэ утгаар нь авч үзвэл Дархан аварга Жигжидийн Мөнхбатын отгон хүү М.Даваажаргал аав шигээ дархан аварга бөх болох нь. Бөхийн төрөл нь өөр ч, аав, хүү хоёр дархан аваргууд. Тун чимэгтэй сонсогдож байгаа биз. Аав, хүү хоёулаа дархан аварга байна гэдэг асар ховор тохиолдол бус уу. М.Даваажаргалын өмнө бичигдэж байгаа хоёр их аваргын нэг Тайхо бол Хакүхогийн шүтээн бөх. Амжилтаараа удаалсан Чиёонофүжи их аваргыг Асашёорюү Дагвадорж шүтдэг. Ийм учралтай бөхчүүд өнөө амжилтаараа эхний дөрөвт эрэмбэлэгдээд байгаа. Хакүхо Даваажаргалаас Японы сэтгүүлчид “Та их аварга Тайхогийн амжилтыг эвдэх үү?” гэдэг асуултыг олонтаа асуудаг. Ингэж асуух тоолонд мянган жилийн түүхт, үндэсний уламжлалт сүмо бөхдөө харийн хүнээр мөнхийн тамга даруулах гэж байгаа ард түмний сэтгэлийн их дарамт нэвт ханхалдаг юм. Тэр бүрийд хариулт өгөх нь Хакүход бас нэг хэцүү даваа мэт харагддаг. Гэсэн ч тэрбээр “Энэ том аваргын амжилтыг эвдэнэ гэж ярих нь миний хувьд зохимжгүй гэж бодож байна” хэмээн хариулсан нь түүнийг бодол оюуны хувьд хэрхэн төлөвшсөн хийгээд ямар хэрсүү ухаалаг нэгэн болохыг төвөггүйхэн илэрхийлдэг юм. Сүмо бөхийн дүрмэнд гадны харьяат хүнээр дэвжээ ахлуулдаггүй. Сүмогийн холбооны дүрэм ёсоор дээр өгүүлсэн дай ёкозүна буюу түүхэн амжилт гаргасан их аваргуудад зодог тайлсан хойно нь “Ичидай тошиёори” хэмээх цол олгож, барилдаж байх үеийнхээ нэрээр дэвжээ байгуулахыг зөвшөөрсөн байдаг. Одоогийн байдлаар Ичидай тошиёри цолыг Тайхо, Чиёонофүжи, Таканохана нарт олгосон бөгөөд Чиёонофүжи хүлээж авалгүй Коконоэ дэвжээг өвлөн авсан билээ. Харин их аварга Асашёорюү Японы иргэншил аваагүй тул Ичидай тошиёри бололгүй зодог тайлсан. 30 дахь түрүүгээ аваад байгаа Хакүхогийн хувьд Ичидай тошиёри болох болзлыг бүрэн хангаад байгаа ч Японы иргэн болоогүй нь саад болж буй. Хакүхо өөрөө дэвжээ байгуулан шавиа бэлтгэх  хүсэлтэй ч, иргэншлээ солих бодолгүй байгаа тул сүүлийн үед сүмогийн ертөнцөд “Хакүхо шиг жинхэнэ сонгодог сүмо барилддаг, алдарт аваргыг зодог тайлангуут нь холбооноос алдана гэдэг харамсалтай хэрэг. 32-оос дээш түрүүлж, түүхэнд нэгд бичигдэх амжилт гаргавал Монголын иргэн байсан ч хамаагүй, Ичидай тошиёри болгох ёстой гэсэн яриа гараад байгаа юм. Зарим ояката Хакүход зодог тайлахаар нь Ичидай тошиёри цолыг бэлэглэе гэж ярьж байгаа талаар Сумогийн холбооны Ерөнхийлөгч Китаноүми мэдэгдэл хийлээ. Тэрээр “Холбооны дүрмэнд Японы иргэн хүн ояката болно гэж заасан байгаа. Японы уламжлалт соёл, үндэсний спортын хувьд тэгж дүрмээ зөрчин хэн нэгэн хүнд цол бэлэглэнэ гэсэн асуудал байхгүй” гэж хэлсэн байна. Үнэхээр энэ бол Японы ард түмэн болоод сүмо бөхийн холбоо, улмаар Хакүхо М.Даваажаргалын өмнө тулгараад байгаа гол асуудал мөнөөсөө мөн.


Гэхдээ энд нэгэн сонин баримт дурдъя. Их аварга Тайхог таалал төгсөхөөс өмнөхөн, хамгийн сүүлд Хакүхо тэр хоёрыг уулзахад түүхэн амжилтын эзэн Тайхо М.Даваажаргалд хоёрхон зүйлийг аминчлан захижээ. Эхнийх нь “Чи ямагт өөрийгөө дайчилж, урагшаа тэмүүлж яв” гэдэг захиас. Ингэснээрээ Их аварга Тайхо өөрийнхөө тогтоосон амжилтыг эвдэх зөвшөөрлийг талын Монголын хүүд тамгалж өгсөн хэрэг. Яаж ч бодсон цэл залуухан М.Даваажаргал урагш тэмүүлсээр байна гэдэг түүний тогтоосон түүхэн амжилтыг эвдэнэ л гэсэн үг шүү дээ. Бөх хүний их ухаан гэж үүнийг л хэлэх байх. Хоёр дахь захиас нь “Миний дэвжээг ахалж яваарай” гэдэг үг. Их аваргын зүрхээр дамжсан сэтгэлийн энэ үг манай М.Даваажаргалыг Наран улсын иргэн болоорой гэж нууцхан захисан гэрээслэл гэлтэй. Тэр их аваргын сүүлчийн захиас Монголын дархан аваргын хүүд сэтгэлийн их өр болж, өдгөө хайрцаглаад ч байгаа юм бил үү, хэн мэдлээ. Юутай ч, насан хийгээд цусан өөр энэ хоёр их аваргын сүүлчийн уулзалт үндэстэн ястан харгалзахгүйгээр бөх хүний цөлх ухаан болоод жудгийг харуулаад байгаа нь манайханд их л үлгэрлэмээр жишиг санагдана.


Ингэж бичиж байж. Долоон жилийн дотор их юм өөрчлөгдөж, Хакүхо иргэншлээ сольж, дэвжээ ахлах эрхтэй болсон. Амласандаа  хүрч, зорьсноо биелүүлж яваа. Тайхо их аваргын амжилтыг эвдээд зогсохгүй түүхэн амжилтын эзэн болсон.


Өдгөө түүний энэ амжилтыг эвдэх хүн энэ зуунд үгүй хэмээн Японы хэвлэлүүд бичиж байна. Үнэхээр ч ийм ялгуусан амжилтыг эвдэх хүн хэзээ гарч ирэхийг таашгүй юм. Тийм болохоор л Хакүхогоор бахархах монгол омогшил төрөөд байгаа хэрэг. Түүх түүхээрээ л үлддэг.

Холбоотой мэдээ