Авто зам гүүрийн мэргэжлийн чадамжийн төвийг байгууллаа

Монголын мэдээ | Нийгэм
oyundelger@montsame.gov.mn
2021-05-15 16:07:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Налайх дүүрэг дэх Политехникийн коллежийг түшиглэн Авто зам, гүүрийн мэргэжлийн чадамжийн төвийг байгуулж, өнөөдөр нээлтээ хийв.


Чадамжийн төвийн үйл ажиллагаа эхэлснээр авто зам, зам гүүрийн бүтээн байгуулалтад шаардлагатай мэргэжил, ур чадварыг залууст эзэмшүүлж, орчин үеийн дэвшилтэт техник, тоног төхөөрөмж дээр дадлагажуулах юм.


Тус төвд суралцсан залуус мэргэшлийн өндөр ур чадвар бүхий мэргэжилтэн болсноор хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй байгаа ажлын байранд шууд ажиллах чадамжтай төгсөнө. Мөн уг мэргэжлийн багш, дадлагажуулагч нарыг бэлтгэх, мэргэшүүлэх, давтан сургах, аж ахуйн нэгжийн захиалгат сургалтыг зохион байгуулах, иргэдийн өмнөх мэдлэг, ур чадварыг үнэлэх, баталгаажуулах, гэрчилгээжүүлэх боломж бүрдэж байна.


Чанартай барилга байгууламж бүхий сургалтын байр, өндөр бүтээмжтэй орчин үеийн багаж, тоног төхөөрөмжөөр тус төвийг бүрэн тоноглосон энэ ажлыг АХБ-ны зээлээр хэрэгжиж буй "Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх" төслөөс санхүүжүүлжээ.


Удахгүй Улаанбаатар хотод Барилгын политехникийн коллеж, Төв аймгийн Батсүмбэр сум дахь МСҮТ-ийн дэргэд чадамжийн төв байгуулах аж. 

Холбоотой мэдээ