“Нэг хашаа-нэг мод” төсөл нийслэлээс эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2021-05-16 12:16:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тогтвортой хөгжлийг хэрэгжүүлэгч түншлэлийн байгууллага "Эко соёл" сан бүх нийтийн мод тарих өдрөөр нийслэлийн 116, 129 дүгээр сургууль, 62, 214 дугаар цэцэрлэгт хайлаас, агч, улиас, монос, буйлс, голт бор, шар хуайс зэрэг  олон төрлийн 2500 гаруй мод тарилаа. Тус сан нийслэлийн гэр хорооллыг моджуулах, эко орчин бүрдүүлэх “Нэг хашаа-нэг мод” төсөл хэрэгжүүлж байна.

Мөн Хан-Уул дүүргийн Яармагийн гэр хорооллын зарим айл өрхөд мод тарьж, эко хөршийн холбоо байгуулахаар төлөвлөжээ. Энэ жилийн нэг онцлох үйл явдал нь харааны бэрхшээлтэй хүүхдийн 116-р сургуулийн багш, эцэг эхтэй хамтран мод тарьж, бусад хүмүүнлэгийн ажлыг 2020 оны “Эх дэлхийн мисс”-д Монгол улсаа төлөөлөн амжилттай оролцсон Б.Баттогтох ивээн тэтгэж тус сантай хамтран ажиллаж байна.  




Өнгөрсөн онд “Эко соёл” сан Швейцарын Хөгжлийн агентлагийн дэмжлэгээр нийслэлийн "Самъяа" хийдийн лам нартай хамтран Тасганы овооны гудамжнуудад нийтдээ 1050 мод тарьсан нь энэ жил нахиалаад сайхан ургаж байна. Мөн дахин 40 улиас тарихаар лам нартай ярилцаад байна гэж тус сангийн тэргүүн Т.Саруул ярилаа.


Тэрээр, “Нэг хашаа-нэг мод” төсөл нь нийслэл хотын хөрсний бохирдол, агаарын тоосжилтыг бууруулахад хувь нэмэр оруулах зорилготой юм. Төсөл хэрэгжүүлж байх явцад гэр хороолол дахь сургууль, цэцэрлэг, тоглоомын талбайн орчинг ногоон болгох, цэцэрлэгжүүлэх ажил маш их шаардлагатай байгаа нь анзаарагдсан тул энэ жилийн хаврын тариалалтад бид дээрх газруудыг түлхүү сонгон авсан" хэмээн онцлов.    




Мод тарихдаа эхлээд төсөлд хамрагдсан айл өрхийн иргэдэд мод тарих сургалт явуулж, тарих аргачлалыг сайтар зааж сургадаг. "COVID-19" цар тахлын хөл хорионы нөхцөл байдалд нийцүүлэн сургалтаа онлайн хэлбэрээр урьдчилан явуулжээ. Иргэдэд мод тарих, аргачлалын сургалтаас гадна байгаль орчинд ээлтэй соёл, ухамсар, олон нийтийн оролцоог бий болгох нь төслийн  өөр нэг үндсэн зорилго гэдгийг тодотгож байна. Энэ үүднээс шашны зан үйлээр дамжуулан иргэдэд нөлөөлөх, олон нийтийн танил хүмүүсээр дамжуулан экологийн боловсрол, эерэг хандлагыг нийгэмд бий болгох талаар цаашид төрөл бүрийн ажил зохион байгуулахаар төлөвлөжээ.



Холбоотой мэдээ