"Хэтийн Хэнтий-2024” хөтөлбөрийн хэрэгжилтийг иргэдэд нээлттэй тайлагнана

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2021-05-17 10:31:17
Хэнтий /МОНЦАМЭ/ "Хэтийн Хэнтий-2024” үйл ажиллагааны хөтөлбөрийн 2021 оны эхний улирлын хэрэгжилтийг хэлэлцэж дүгнэлээ.
Өөрөөр хэлбэл аймгийн Засаг даргын 4 жилд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрийн эхний жилийн анхдугаар хэлэлцүүлгийг хийв. Тус хөтөлбөрт энэ онд хэрэгжүүлэх 130 зорилт, 217 арга хэмжээ тусгагджээ.
Хэлэлцүүлгийг үндэслэн аймгийн Засаг дарга агентлагийн удирдлагуудад “Ковид-19” цар тахлаас шалтгаалж, цаг алдсан ажил бий. Гэхдээ хуучинсаг, цаасан дээр тайлагнах арга барилаар үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлж болохгүйг сануулан, цаашид ард иргэдэд ил тод мэдээлж, тэдний санал хүсэлтийг сонсох зарчмаар явахыг чухалчлав. Тухайлбал, ард иргэд, олон нийтийн санал хүсэлтийг тусган боловсруулсан хөтөлбөрт ажлыг тэдэнд тайлагнаж явах зүйтэй гэж үзлээ.
Ингэснээр Нэгдүгээрт, Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагууд хагас жил, бүтэн жилд нэг удаа “Хэтийн Хэнтий-2024” үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан ажлаа нийтэд тайлагнах,
Хоёрдугаарт, Үйл ажиллагааны тайланг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчинд жилд хоёр удаа иргэдэд мэдээлэх,
Гуравдугаарт, аймгийн ЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн дэргэд гэрээт мэргэжлийн судлаач ажиллуулан хөтөлбөрийн хэрэгжилттэй холбогдуулан ард иргэд, олон нийтээс тандалт, судалгаа авч үнэлэлт хийхээр боллоо.
“Хэтийн Хэнтий 2024” үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулахдаа Төрийн болон төрийн бус байгууллага, иргэдээс санал авах ажлыг цахимаар, асуумжийн хуудсаар болон бүлгийн ярилцлагын хэлбэрээр зохион байгуулж, 1572 иргэнээс санал авч, давхардсан тоогоор 603 санал гаргаснаас хууль тогтоомжийн хүрээнд 339 саналыг үйл ажиллагааны зорилтуудад тусгажээ.
Холбоотой мэдээ