А.Нансалмаа: Зөв бичгийн дүрмийн хичээлийг маш ойлгомжтой хэлбэрээр бэлтгэн телевизээр түгээж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2021-05-20 14:20:26

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Хэлний бодлогын зөвлөл хэрхэн ажиллаж байгаа талаар тус аймгийн Хэлний бодлогын зөвлөлийн нарийн бичгийн дарга, БСУГ-ын дарга А.Нансалмаатай ярилцлаа. Дорнод аймгийн хувьд сүүлийн жилүүдэд эх хэлний дархлааг сайжруулах, олон нийтийг идэвхжүүлэх чиглэлээр багагүй ажил өрнүүлж байгаа юм. 


-Дорнод аймгийн хувьд Хэлний бодлогын зөвлөл хэрхэн ажиллаж байна вэ? Ер нь энэхүү салбар зөвлөл ажилласнаар ямар үр дүн, ач холбогдолтой юм гэдэгт Та оновчтой хариулт өгөх байх?

-Манай Хэлний бодлогын салбар зөвлөлийг 2016 онд есөн хүний бүрэлдэхүүнтэй байгуулж, 2017 онд бүрэлдэхүүнийг нь 12 болгож нэмсэн. Түүнчлэн 14 сумын хэмжээнд тухайн сумын Засаг даргаар ахлуулсан орон тооны бус салбар зөвлөл ажиллаж байна. Ийнхүү бие даасан салбар зөвлөл ажилласнаар Монгол хэлний тухай хууль, Соёлын тухай хууль, төрөөс соёлын талаар баримталж буй бодлогын хэрэгжилтийг хангах, тайлагнах боломж бүрдэж байгаа юм.

Тодруулбал, бичиг үсгийг хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэх, монгол хэл, бичиг үсгийн хэрэглээг олон нийтэд сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, үндэстний цөөнхийн хэл, монгол угсаатны аман аялгууг судлах, хамгаалах, хөгжүүлэх, газар нутаг, гудамж, зам, талбайд гадаад нэр оноох эсэх асуудлаар санал, дүгнэлт гаргах, төрийн байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллагууд  монгол хэлний хэм хэмжээг баримталж байгаа эсэхэд хяналт тавьж, дүгнэлт гаргах чиг үүргийн хүрээнд холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж, хэрэгжүүлдэг гэсэн үг.

-Хэлний бодлогын зөвлөл байгуулагдсанаасаа хойш хийж хэрэгжүүлж байгаа томоохон ажлуудаасаа дурдвал?

-Манай зөвлөл чиг үүргийнхээ хүрээнд төлөвлөгөө гарган өргөн цар хүрээтэй, үр дүнтэй олон ажлыг хийж байна. Өнгөрсөн онд “Эх хэл-бидний бахархал” телевизийн хэлэлцүүлэг явуулж, энэ хүрээнд Монгол Улсын гавьяат багш Г.Бүдтуяа, Хэл шинжлэлийн ухааны доктор С.Алтанцэцэг нарын зочид төрийн байгууллага, агентлагуудын удирдах ажилтан, Монгол хэл, уран зохиолын багш нартай эх хэлний өнөөгийн байдал, эцэг эхчүүд, ард иргэдийн Монгол хэлний чадвар мэдлэгийг дээшлүүлэх, цахим ертөнцөд эх хэлний соёлыг дээшлүүлэх талаар санал бодол солилцож, орон нутгийн хэмжээнд цахим орчинд эх хэлээрээ бичихийг идэвхтэй уриалж байна. Мөн зөв бичгийн дүрмийн хичээлийг олон нийтэд маш ойлгомжтой хэлбэрээр бэлтгэн телевизээр түгээх зэргээр идэвхжүүлж байгаа.

-Жил ирэх тусам үндэсний бичиг үсгийн баярт ач холбогдол өгч, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар тэмдэглэдэг уламжлал хэдийнэ тогтсон. Тухайлбал, танай салбар зөвлөлөөс энэ үеэр ямар ажил зохион байгуулдаг вэ?

-Аймгийн Засаг даргын 2020 оны А/79 тоот захирамжаар “Монгол бичгээ суръя” төсөл хэрэгжиж байна. Энэ хүрээнд “Үндэсний бичиг-Өрх бүрд”, Монгол бичгийн Тик-ток уралдааныг цахим орчинд гэр бүлийн хүрээнд зохион байгуулж, 400 гаруй хүн оролцсон. Монгол бичгийн багш нарынхаа мэргэжил, мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор 70 багшид “Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, арга зүй” сэдвээр, ЭЕШ-д монгол хэлний хичээлээр бэлтгэж байгаа төгсөх ангийн 60 сурагчид ЭЕШ-д дэмжлэг үзүүлэх” сургалтыг зохион байгуулсан. Аймгийн Төв номын сангаас жил бүр монгол бичгийн үзэсгэлэн гаргадаг. Энэ хавар цахим үзэсгэлэн гаргаж, олон нийтийн хүртээл болгосон. Монгол хэлний бодлогын Үндэсний зөвлөлөөс манай ажлыг туршлага болгон үнэлсэн. Бид энэ хавраас төрийн болон хувийн хэвшлийн 16 байгууллага, 14 сумын төрийн албан хаагчдын дунд телевизийн нэвтрүүлэг хийхээр ажлаа эхлүүлсэн ч цаг үеийн байдлаас шалтгаалан түр хойшлоод байна.

-Дорнод аймаг үндэсний бичигт шилжихэд боловсон хүчний хувьд хэр зэрэг бэлтгэл хангаж байгаа бол?

-Боловсон хүчний бэлтгэл хангагдсан. ЕБС-иудын Монгол хэл, бичгийн 70 багш болон ДИС-ийн Монгол хэлний багш нар төрийн байгууллагуудын алба хаагчдад сургалтыг үе шаттай явуулж, тэр хэрээр монгол бичгийн хэрэглээ нэмэгдэж байна. Аймгийн төвийн 26 сургууль, 36 цэцэрлэгт монгол бичгийн сургалтууд тогтмол орж байгаа.

-Зөв бичих дүрмийн журамласан толь гарсан. Төрийн алба, ЕБС-иудад энэхүү толь бичгийн дагуух хэрэглээ ямар байна?

-ЕБ-ийн 26 сургуулийн бага ангийн багш нарт Зөв бичих дүрмийн журамласан толийг Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс олгосон. Мөн төрийн алба хаагчид утсандаа цахим апп-ыг суулган ашиглаж байна. Журамласан толийг хэрэглэх, ашиглах талаарх сургалтуудыг телевизээр иргэдэд хүргэсэн. Төрийн байгууллагууд, цэцэрлэгүүдэд сургалт зохион байгуулснаар алба хаагчдын зөв бичгийн чадвар дээшилж байгаа гэж хэлж болно.

-Манай аймгийн хувьд бичиг соёлын дурсгалаа хадгалж хамгаалах, ирээдүй хойч үедээ соёлын өвийн талаар боловсрол мэдлэг олгох асуудлыг анхааралдаа авч ажиллаж байгаа вэ?

-Монгол бичгийн “Ертөнц” төвөөс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг массын уралдаанд манай сурагчид маш сайн оролцдог. Энэ уралдаанд 2017, 2018, 2019 онд аймгаараа 1-3 дугаар байрыг эзэлсэн. Дорнод аймгийн ЗДТГ-аас "Уламжлалт боловсрол" төсөл хэрэгжүүлж, хүүхэд багачуудад эх хэлний яруу сайхныг сурталчлан таниулах зорилгоор идэвхтэй ажиллаж байна. Уг төсөл нь ард түмний бүтээсэн соёлын үнэт өв "Зүйр цэцэн үг"-ийн хэрэглээг нэмэгдүүлэх, хүүхдийн хүмүүжил, төсөөлөн бодох чадвар, ой тогтоолт, үгийн задлан шинжлэх утга ухааныг сайжруулж, хэл яриаг хөгжүүлэхэд чиглэсэн төсөл юм. Уг төслийг хэрэгжүүлснээр Монгол Улсын Үндсэн хуулийн тунхгийг хадгалан, үндэстний өв соёлоо өвлүүлэн, хүүхэд хүмүүжүүлэх уламжлалт арга ухааныг сэргээн хөгжүүлэх, хэрэглээг бий болгох ач холбогдолтой.

-Эх хэлний өдрөөр аймгийн хэлний бодлогын салбар зөвлөлүүд үлгэр домог, ерөөл магтаалаа өвлөн уламжлуулах, сэргээн таниулах талаар аян өрнүүлсэн байсан. Аяны зорилго биелсэн үү?

-Аймгийн хэмжээнд "Үл бүдгэрэх их өв" төсөл 2016 оноос хэрэгжиж, жил бүр сургалт зохион байгуулж, сум бүрд бөх, морь цоллооч, ерөөлч, магтаалчтай болсон. Бөх, морь цоллооч 100 гаруй, 70 гаруй ерөөлч, магтаалч хүүхэд бэлтгээд байна. Мөн уртын дуучин хүүхэд, залуучууд, насанд хүрэгчид нийт 1600 хүн сургалтад хамрагдсан.

Эх хэлний өдрөөр аймгийн Засаг даргын захирамжаар жил бүр Ц.Дамдинсүрэнгийн нэрэмжит хөшөөнд нэг, 12 дугаар ангийн сурагчид цэцэг өргөж, их зохиолчийн намтар уран бүтээлээс уншиж судалдаг. Мөн нэгдүгээр ангийн сурагчдад тухайн өдөр орон нутгийн зохиолчдын уран бүтээлээс судлах хичээл зохион байгуулсан.

Дорнод аймгийн хүүхдийн хөгжлийг дэмжих “Хүн болох багаасаа” дэд хөтөлбөр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор батлуулсан. Хөтөлбөрийн хүрээнд хүүхэд бүр аман зохиолыг цээжлэн тогтоож, утгыг ойлгон, эх орон, ардын өв соёлоороо бахархах үзлийг төлөвшүүлэх үүднээс ерөнхий боловсролын сургуулийн анги бүрийн сурагчид улирал тутам заавал цээжлэх ардын аман зохиолын жагсаалтыг улирал бүрийн эхэнд төлөвлөн гаргаж хэвшсэн байна. 2019 оны эхний хагас жилийн байдлаар 18 сургуулийн  нэгдүгээр ангийн 1662  хүүхэд мэндчилгээний үг хэллэгийг цээжлэн тогтоож өдөр тутамдаа хэрэглээ болгон хэвшсэн байна.

-Улсын хэмжээнд Монгол хэлний хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор хаягаа монгол бичгээр бичих сонирхол нэмэгдсэн гэхэд болно. Дорнод аймгийн төв болон сумдад төрийн, хувийн ААНБ-ын монгол бичгийн хаягжилт ямар байна?

-Аймгийн хэмжээний 27 сургууль, 36 цэцэрлэг бүгд монгол бичгээр хаягаа хийж байршуулсан. Нийт соёлын төвүүдийн 70 хувь нь хос бичгээр хаягжилтаа хийсэн байна. Ер нь орон нутгийн хэмжээнд хаягжилтыг хос бичгээр болгох ажлыг эрчимжүүлэн аймгийн төвийн төрийн 20 байгууллагаас 10 байгууллага буюу 50 хувь нь кирилл, монгол бичиг хосолсон хаягжилттай болоод байгаа.

-Төгсгөлд нь нэг зүйлийг тодотгож асуумаар байна. Төр засгаас эх хэлний дархлаа, хөгжилд онцгой анхаарч байгаагийн хэрээр бидний эх хэлээ хүндэтгэн дээдлэх хандлага сайжирч байгаа гэж би хардаг. Энэ талын судалгааг аймагтаа хийдэг үү?

    -Үндэсний статестикийн хорооноос энэ оны дөрөвдүгээр сард авсан судалгаанд төрийн байгууллагын алба хаагчдын 90-ээс дээш хувь хамрагдсан. Энэ судалгааны дүнд үндэслэн төрийн албан хаагчдад зориулсан Монгол бичгийн шаталсан сургалт зохион байгуулахаар төлөвлөж байна. Ер нь жилээс жилд  иргэдийн хувьд эх хэлдээ хандах хандлага сайжирч байгаа. 

-Баярлалаа. Амжилт хүсье. 

Холбоотой мэдээ