Монгол Улсын нийт өрхийн 29.4 хувь нь орон сууцанд амьдарч байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Хүн ам, орон сууцны 2020 оны улсын тооллогын дүнг сонслоо.
Тооллогын дүнг Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа танилцуулав. Энэ удаагийн тооллогыг бүртгэл буюу төрд суурилсан мэдээллийн сан болон санамсаргүй, түүврийн аргаар мэдүүлгийг авах гэсэн хосолмол аргаар зохион байгуулснаараа онцлогтой болохыг танилцуулгын эхэнд дурдсан. Үүний үр дүнд мэдээлэл боловсруулах хурд нэмэгдэж, зардал хэмнэсэн ач холбогдолтой юм байна. Хүн ам, орон сууцны 2020 оны улсын тооллогын бэлтгэл болгож, 2019 онд байшин, орон сууцны тооллогыг зохион байгуулсан байна.
Хүн ам, орон сууцны 2020 оны улсын тооллогын дүнгээр нийт хүн ам 3 сая 296 мянга 866, үүнээс Монгол Улсын нутаг дэвсгэр дээр амьдарч буй 3 сая 197 мянга 20, зургаагаас дээш сарын хугацаатайгаар гадаад улс оронд амьдарсан Монгол Улсын иргэдийн тоо 122 мянга 301 байгаа юм байна. Хүн амын жилийн дундаж өсөлт 2010-2020 оны тооллогын жилд 2.2 хувийн өсөлттэй байгаа дүн мэдээг танилцууллаа. Манай улсын хэмжээнд хүн амын өсөлтийн оргил үе нь 1979-1989 онд 2.9 хувь, хамгийн бага нь 1935-1944 онд 0.3 хувь байжээ. Үндэсний статистикийн хорооноос 2015 онд гаргасан хүн амын хэтийн тооцоогоор 2031 онд Монгол Улсын хүн ам 4 сая хүрэх магадлалтай.
Монгол Улсын хүн ам насны бүтцийн хувьд залуу буюу 14 хүртэлх насны хүүхэд 31.5 хувь, 14-64 насны хүн ам 64.4 хувь, 65-аас дээш насны хүн ам 4.1 хувь байна. Хүн амын дундаж нас 27.9 байгаа бол суурьшилтаар нь ангилбал 68 хувь нь хот, сууринд, 32 хувь нь хөдөө байна. Улаанбаатар хотод нэг сая 466 мянга 125 хүн аж төрдөг байна.
Гадаад улсад аж төрж буй иргэдийн 34.2 хувь нь суралцах зорилготой байгаа бол 20.6 хувь нь ажиллах, 12.6 хувь нь гэр бүлийн шалтгаанаар, 11.7 хувь нь суурьших, 10.4 хувь нь хөдөлмөрийн гэрээгээр, 1 хувь нь албан томилолтоор амьдарч байгаа. Харин 9.5 хувь нь бусад шалтгаанаар гадаад улсад амьдарч байгаа гэх дүн мэдээлэл гарчээ.
Нийт өрхийн тоо 897 мянга 427 байгаа бол үүний 60.9 хувь нь байшин орон сууцанд, үүн дотроо орон сууцанд амьдардаг нь 29.4 хувь юм байна. 342 мянга 409 буюу нийт өрхийн 38.2 хувь нь гэрт, 8039 өрх буюу 0.9 хувь нь бусад төрлийн сууцанд амьдардаг гэх дүн мэдээ гарчээ. Улсын хэмжээнд нийт өрхийн 8.4 хувь нь буюу 74.8 мянган өрх өөрийн гэсэн сууцгүй, эдгээрийн 80 орчим хувь нь хотод амьдардаг байна.
Танилуулгын дараа УИХ-ын гишүүд асуулт асууж, саналаа хэллээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр Монголын төрөөс гаргах бүх бодлого судалгаанд үндэслэх ёстой хэмээгээд уг судалгааны гол материал болох хүн ам зүй, орон сууцны тооллогыг жил бүр хийх боломжтой эсэхийг тодруулав. Тэрбээр тхеник технологи өндөр хөгжсөн өнөө үед уг судалгааг богино хугацаанд гаргах боломжтой гэдгийг онцолсон юм.
НҮБ Хүн амын тооллогын хөтөлбөр баталсан бөгөөд улс орнуудад 2019-2020 онд хүн амаа тоолох зөвлөмж өгсөн. Тооллогоор зөвхөн хүн амыг тоолохоос гадна эдийн засаг нийгмийн бусад үзүүлэлт гардаг гэдгийг Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа онцлов. Тэрбээр, “Энэ тооллогыг сар бүр, жил бүр гаргах боломжтой. Тооллогын үр дүнд үндэслэн салбар бүр хэтийн тооцоогоо гаргаж болно. Жишээлбэл, боловсролын салбарт сургууль, цэцэрлэг, түүнд ажиллах багш нарын тооцоог гаргаж болно гэсэн үг” гэлээ.
Мөн УИХ-ын дарга Н.Алтанхуяг тооллого хийхэд хэдэн төгрөг зарцуулж байгааг тодрууллаа. 2010 онд тооллогод 5.7 тэрбум төгрөг зарцуулж байсан бол 2020 онд 15.7 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Гэхдээ 2020 онд мэдээллийн технологийн боломжийг ашигласан тул 4.7 тэрбум төгрөгийн зардал гарсан гэдгийг Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа хариултдаа онцлов.