Зөвлөлдөх уулзалтаас гарсан дүгнэлтийг АСЕМ-ын дээд түвшний уулзалтад хүргэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭАСЕМ-ын дээд түвшний уулзалтын дагалдах хурлуудын нэг Ази-Европын Хүнсний аюулгүй байдлын зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотноо хоёр өдөр үргэлжилж өнөөдөр хаалтаа хийлээ.
ХХААЯ-ны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Биндэръяа хуралдааныг даргалагчийн хувиар хэлсэн үгэндээ Ази-Европын Хүнсний аюулгүй байдлын зөвлөлдөх уулзалт нь энэ сарын 20-21-ний өдөр Монгол Улсад амжилттай зохиогдон, өөрийн хүлээсэн үүргээ биелүүлсэн гэдгийг тэмдэглээд дараагийн хурлыг зохион байгуулах улсад амжилт хүслээ.
Мөн энэхүү хуралд оролцсон АСЕМ-ын гишүүн 17 орны хүнс хөдөө аж ахуйн асуудал хариуцсан төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, Монгол дахь Элчин сайдын яамд, консулын газрууд, Европын холбоо болон бусад хүнс хөдөө аж ахуйн чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа 11 олон улсын байгууллагын төлөөлөгч нарт болон ГХЯ, бусад хамтран зохион байгуулсан талуудад талархсанаа илэрхийлэв.
Энэхүү зөвлөлдөх уулзалт нь хүнсний үйлдвэрлэл, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал, хоол тэжээл гэсэн 3 сэдвийн хүрээнд өрнөж, илтгэгчид тус тусын илтгэлээ тавьсан. Тэдгээр илтгэлийн утга санааг багцалж хурлын төгсгөлд дүгнэлт гаргалаа. Хуралдааныг даргалагч дүгнэлтэд туссан заалт бүрийг нэг бүрчлэн уншиж танилцуулж, оролцогчдын санал бодлыг тусган улмаар баталлаа. Ингэснээр Хүнсний аюулгүй байдлын зөвлөлдөх уулзалтаас гаргасан тус дүгнэлтийг ирэх сарын 15-16-нд болох АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалтын хэлэлцүүлэгт хүргүүлэхээр болов.
Хурлын төгсгөлд ХХААЯ-ны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Биндэръяагаас хурлын үр дүнг тодруулахад, “Энэхүү хурлаар Ази Европ тивийн хүнсний хангамж, түүний аюулгүй байдал, тээвэр логистик, генетикийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл, мал амьтны гаралтай бүтээгдэхүүний хорио цээр, хүүхдийн таргалалттай хэрхэн тэмцэх вэ гэх зэрэг өргөн хүрээнд асуудлыг хөндөж ярьлаа. Манай улсын хувьд мах, махан бүтээгдэхүүний экспортыг түлхүү ярьдаг. Энэ хүрээнд хил дамнасан малын халдварт өвчний дэгдэлтийн асуудал хөндөгддөг. Үүнтэй хэрхэн тэмцэх вэ гэдэг дээр бусад улс орны туршлагаас хуваалцлаа.
Тухайлбал, Казакстан улс гэхэд ойрын хугацаанд шүлхийгээс ангид болж чадсан. Хятад улс хойд бүс нутгаараа ангижирч байна. ОХУ ч гэсэн өмнөд хэсгээрээ шүлхийгээс ангижирсан. Бид хөрш орнуудтайгаа төдийгүй бүс нутагтаа малын гоц халдварт өвчнөөс ангижирч, цаашдаа хэрхэн экспортоо дэмжих вэ гэдэг дээр тогтож ярилцлаа. Хурлаас гарсан протоколыг АСЕМ-ын хуралд хүргүүлэхээс гадна бүс нутгийн төрийн тэргүүнүүд, Засгийн газар өөр өөрсдийн үйл ажиллагаандаа тусгана байх хэмээн бодож байна” гэв.
Б.Туул
Гэрэл зургийг Б.Чадраабал