Д.Энхбат: Монголын хамгийн чадалтай, туршлагатай хүмүүсийг оролцуулсан Ерөнхийлөгчийн институц байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2021-05-24 15:08:52
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Зөв хүн электорат" эвслээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд нэр дэвшигч Д.Энхбатын сонгуулийн сурталчилгааны албан ёсны нээлт Дарь-Эх цогцолборт өнөөдөр боллоо.


Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд зааснаар, санал хураах өдрөөс 16 хоногийн өмнө нэр дэвшигчийн үнэмлэх олгож, албан ёсоор сурталчилгааны ажил эхлэхээр заасан бөгөөд ирэх сарын 8-ны 00.00 цагт дуусгавар болно. Энэ дагуу нэр дэвшигчийн үнэмлэхээ СЕХ-ноос өнөөдөр гардан авсан "Зөв хүн электорат" эвслээс нэр дэвшигч Д.Энхбат Дарь-Эх цогцолборт сонгуулийн сурталчилгааныхаа нээлтэд оролцов. 



Энэ үеэр тэрбээр, "Зөв хүн электорат эвслээс намайг Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшүүлсэн. Манай эвслээс боловсруулсан мөрийн хөтөлбөрийн дагуу, мөн биднийг дэмжигчдийн хүсэл мөрөөдлийг тусгасан хөтөлбөрийн дагуу би энэ сонгуульд оролцож байна. Нийгэм, эдийн засгийг улам төгөлдөржүүлэх, иргэдийн амьжиргааг дээшлүүлж, шударга ёс, авлигатай тэмцэхийн төлөө, монгол хүн бүрийг эх орноо хөгжүүлэх ажилд оролцуулахын төлөөх хөтөлбөртэй нэр дэвшлээ. Монгол Улс их ирэх 30 жилд яаж амьдрах вэ, ирээдүйд ямар өв үлдээх вэ гэдэг шинэ сонголтын өмнө ирсэн байна. Бид мэдлэг чадвар, технологид итгэж, шинэ Монголыг байгуулах итгэлтэйгээр ажиллах ёстой болж байна. Энэ сонгуульд шударга, нээлттэйгээр, аль болох олон хүнд хүрч ажиллахыг хичээх болно. Монголчууд шинэ мөрөөдөлтэй, шинэ замаар явахыг хүсэж байгаа гэдэгт гүнээ итгэж байна. Тиймээс ч нам бус, инженер намайг олон түмнийхээ асуулгаар сонгосон биз ээ. Хэрэв бид Ерөнхийлөгчийн институцийг байгуулах эрх авч, миний бие Ерөнхийлөгчөөр сонгогдвол хамгийн эхний алхам маань нам, нас, хүйс үл харгалзан Монголын хамгийн чадалтай, туршлагатай хүмүүсийг оролцуулсан шинэ баг байгуулан ажиллах болно. Энэ баг маань нэг намын бус Монголын баг байх болно. Тиймээс ч энэ сонгуульд “Монгол чадна” уриатай оролцож байна. Бид хичээж, зүтгэх болно" хэмээсэн юм.



Холбоотой мэдээ