Франц улс Их Британийн аялагчдад хязгаарлалт тогтоожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2021-05-27 10:09:37

ЛОНДОН. /BBC/. Энэтхэгийн хувилбараар халдварласан тохиолдол нэмэгдэж байгаатай холбоотойгоор Франц улс Их Британийн аялагчдад хязгаарлалт тогтоожээ.


Их Британиас ирсэн хүмүүс энэ сарын 31-нээс эхлэн долоо хоногийн  тусгаарлалтад хамрагдана хэмээн Францын Засгийн газар мэдэгдсэн байна.


Европын орнуудаас Франц улс Их Британийн зорчигчдод хамгийн сүүлд хязгаарлалт тогтоожээ. Тодруулбал, Германы эрх баригчид өнгөрсөн долоо хоногт Их Британиас ирсэн хүмүүсийг хоёр долоо хоногоор тусгаарлахаа мэдэгдсэн бол Австри 6 дугаар сарын 1-нээс эхлэн Их Британиас шууд нислэг үйлдэхийг хоригложээ.


Өнгөрсөн долоо хоногт гэхэд Их Британид Энэтхэгийн хувилбараар халдварласан 3424 тохиолдол бүртгэгджээ. Энэ нь хоёр долоо хоногийн өмнөхөөс 2111-ээр өссөн үзүүлэлт байжээ.


"Энэтхэгийн хувилбар нь Кент хотод анх илэрсэн Их Британийн хувилбараас илүү хурдан халдварлах чадвартай. Энэ хувилбар Их Британид аажмаар хяналтаас гарч болзошгүй юм” хэмээн Английн эрүүл ахуйн ерөнхий эмч Крис Уитти ярьсан байна. 


Гэсэн ч Франц улс вакцинд хамрагдсан юмуу шинжилгээний хариу нь сөрөг гарсан Их Британийн аялагчдыг 6 дугаар сарын 9-нөөс тодорхой хязгаарлалтгүйгээр хүлээж авах төлөвтэй байгаа аж.


Европын Холбооноос зөвшөөрөгдсөн вакцинд бүрэн хамрагдсан, шинжилгээний хариу нь сөрөг гарсан аль эсвэл коронавирусээр халдварлаад эдгэрсэн хүмүүс ЕХ-нд багтдаг 27 улсад нэвтрэх асуудлыг өнгөрсөн долоо хоногт зөвшилцөж, 7 дугаар сараас хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. 

Холбоотой мэдээ