Тэргүүний рот, салааны захирагч нарын зөвлөгөөн болж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2021-05-28 09:21:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын тэргүүний рот /батарей/, салааны захирагч нарын зөвлөгөөн пүрэв гарагт эхэллээ.

 

Энэхүү зөвлөгөөн ЗХЖШ-ын Холбоо, мэдээлэл технологийн хэлтсийн дарга, хурандаа М.Золзаяагийн "Холбоо мэдээллийн дэвшилтэт технологид суурилсан цэргийн сургалт” лекцээр эхэлсэн юм.


Эхний өдөр онолын хичээл сургалтаар, маргааш дадлагын үзүүлэх сургууль, цэргийн албаны бичиг баримт боловсруулалт сэдвийн дор зохион байгуулсан юм байна.

 

Зэвсэгт хүчний нэгтгэл, ангийн салаа, салбарын офицеруудын биеэр үлгэрлэх, бусдыг чиглүүлэх, үүссэн хүндрэл бэрхшээлийг тодорхойлон түүнийг даван гарах, захирагдагсадаа зоригжуулах, тэднийг нэгтгэн удирдах арга барил, ур чадварыг нэмэгдүүлэхэд уг зөвлөгөөний зорилго чиглэгдэж байгаа юм.

 

Зөвлөгөөнд оролцогчдод Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Ганзориг нар үүрэг, чиглэл өгөв.


Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр “Зэвсэгт хүчний нэгтгэл, ангийн тэргүүний рот, салааны захирагч нарын зөвлөгөөнд оролцож байгаа Та бүхэнтэй уулзаж байгаадаа баяртай байна. Энэхүү зөвлөгөөн нь Зэвсэгт хүчний нэгтгэл, ангийн өмнө тулгамдсан асуудлууд, тэдгээрийн шийдлийн талаар хэлэлцэх чухал ач холбогдолтой, өндөр үр дүнтэй ажил болно гэдэгт итгэлтэй байна.

 

Монгол Улсын цэргийн насны эрчүүдийн тодорхой хувь Зэвсэгт хүчин болон бусад төрийн цэргийн байгууллагад хугацаат цэргийн албыг хааж байна. Цэргийн албыг хаахаар ирсэн залуусыг ирээдүйдээ итгэх итгэлтэй, зөв хүмүүжил төлөвшилтэй, бие бялдар, сэтгэл зүйн хаттай болгон төлөвшүүлэхэд салаа, ротын захирагч нар хамгийн чухал үүрэг гүйцэтгэх албан тушаалтан байдаг. Салаа, ротын захирагч гэдэг бол цэрэгт татагдсан залуучуудын дарга нь, багш нь, аав нь, ах нь байх ёстой” хэмээн онцолсон юм.

 

Зөвлөгөөн 2 үе шаттай явагдаж байгаа бөгөөд нэгдүгээр үе шатыг Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиуд өнгөрсөн сард дотооддоо зохион байгуулж, тэдгээр оролцогчдоос шалгарсан тэргүүний рот /батарей/, салааны захирагч нар нь 2 дугаар шатны зөвлөгөөнд хамрагдаж байгаа юм.


Ташрамд дурдахад, зөвлөгөөн цар тахлын халдвараас сэргийлэх хүрээнд халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлан явагдаж байна.

 

Холбоотой мэдээ