Японд онцгой байдлын дэглэмийг сунгана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2021-05-28 18:24:59

ТОКИО. /Japantimes/. Японы Засгийн газар коронавирусний цар тахлын улмаас Токио зэрэг 9 мужид онцгой байдлын дэглэмийг 6 дугаар сарын 20-ныг хүртэл сунгахаар болжээ.


Энэ тухай Эдийн засгийг сэргээх сайд Ясүтоши Нишимура баасан гарагт болсон шинжээчдийн комиссын хуралдааны үеэр мэдэгдсэн байна. 


“Хэд хэдэн бүс нутагт халдварын тохиолдол буурч байгаа хэдий ч шинээр халдвар илрэх тохиолдол өндөр хэвээр байна. Эрүүл мэндийн байгууллагууд ачаалалтай байгаагаас гадна шинэ хувилбараар халдвар тархах эрсдэл хэвээр байна. Үүнтэй холбогдуулан халдвар дахин дэгдэхээс сэргийлж онцгой байдлын дэглэмийг 6 дугаар сарын 20 хүртэл сунгах шаардлагатай боллоо” хэмээн тэрбээр хэлэв.


Онцгой байдлын дэглэм Токио, Осака, Киото, Хиого, Фукуока, Айчи, Хирошима, Окаяма, Хоккайдо мужуудад хэрэгжсэн хэвээр байх аж. Хязгаарлалтыг 5 дугаар сарын 31-нд цуцлахаар төлөвлөж байсан ч ийнхүү дахин сунгах аж. Энэхүү арга хэмжээний хүрээнд нийтийн хоолны газруудад согтууруулах ундаагаар үйлчлэхгүй байх, онцын шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг оршин суугчдад анхааруулах, ажил олгогчид ажилтнуудаа алсын зайн горимд шилжүүлэхийг шаардана.


Сүүлд мэдээлснээр, Япон улсад халдварын тохиолдлын тоо 737 мянгыг давж, 12 мянга гаруй хүн халдварын улмаас нас баржээ.

Холбоотой мэдээ