Израил иргэдээ ОХУ, Аргентин руу зорчихыг хоригложээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2021-05-31 15:12:38

ТЕЛЬ-АВИВ. /TASS/. Израилын эрх баригчид коронавирусний халдвар авах эрсдэлтэй байгаатай холбогдуулан иргэдээ ОХУ, Аргентин руу зорчихыг хоригложээ.  


“Тавдугаар сарын 31-ний өдрөөс эхлэн Аргентин болон ОХУ-ыг халдвар авах эрсдэл өндөртэй орнуудын жагсаалтад оруулж байна. Израилын иргэд, тус улсад оршин суугчид онцгой тохиолдлоос бусад тохиолдолд эрсдэлтэй ихтэй орнууд руу зорчихыг журмын дагуу хориглоно” гэж тус улсын Эрүүл мэндийн яамны хэвлэлийн алба мэдээлсэн байна.


ОХУ, Аргентинаас гадна, Украин, Этиоп, Бразил, ӨАБНУ, Энэтхэг, Мексик болон Турк улс "улаан жагсаалтад" оржээ. Эдгээр улс руу зорчих зөвшөөрлийг зөвхөн эрх бүхий комисс олгоно. Коронавируст халдвараар өвчилсөн, коронавирусний вакцин хийлгэсэн хүмүүсийг оруулааад эдгээр улсаас буцаж ирсэн бүх хүн гэртээ тусгаарлах дэглэм сахиах ёстой байна.


Зорчих хязгаарлалт зургаадугаар сарын 13 хүртэл үргэлжлэх бөгөөд шаардлагатай тохиолдолд сунгана гэж мэдээлэлд дурджээ.


Израилын Эрүүл мэндийн яам мөн Сейшелийн арлууд, Мальдив, Уругвай, Боливи, Балба, Парагвай, Чили, Колумб, Коста-Рика, Тунис улсууд руу зорчсон тохиолдолд халдвар авах эрсдэлтэй байгааг иргэддээ анхааруулсан байна.


Холбоотой мэдээ