Энхийг сахиулагчид "Олон Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тэмдэглэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
boloroo8136@gmail.com
2021-06-02 12:47:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай UNMISS энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний X ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүн “Олон Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-өөр Бентью суурин дахь Дотоодын дүрвэгсдийн хуарангийн хүүхэд багачуудын дунд “Хубилай” бааздаа баяр зохион байгууллаа.


Энэхүү өдрийг манай энхийг сахиулагчид НҮБ-ын хамгаалалттай Дотоодын дүрвэгсдийн хуарангийн хүүхэд, багачуудыг багахан ч болтугай баярлуулах, дайн самуун, байгалийн гамшиг, өлсгөлөнгийн зовлонг түр атугай мартуулж, тэдэнд баяр хөөр, аз жаргал түгээх зорилгоор зохион байгуулсан юм.

Баярт Дотоодын дүрвэгсдийн хуарангийн 8 сургуулийн 150 гаруй хүүхэд оролцов. Тэдний дунд бүжгийн тэмцээн, урлагийн тоглолт зохион байгуулж, өдрийн амтат хоол, хүүхэд бүрд гарын бэлэг, тоглоом, хичээлийн хэрэгсэл бэлэглэж, дурсгалын зургаа татуулан нэгэн өдрийг хүүхдийн баяр хөөр, инээдээр дүүрэн тэмдэглэлээ.

Түүнчлэн хүрэлцэн ирсэн хүүхэд багачууд зохион байгуулсан баярын үйл ажиллагааг талархан хүлээн авч, өөрсдийн бэлтгэсэн урлагийн тоглолт үзүүлсэн нь эх орон, энхрий үрсээ санасан энхийг сахиулагчдын сэтгэлийг ихэд хөдөлгөж байлаа гэж ЗХЖШ-аас мэдээлэв.


Холбоотой мэдээ