Оюуны өмчийн газраас 129 бүтээлд патент олгожээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-06-03 11:00:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Оюуны өмчийн газрын мэдээллээр улсын хэмжээнд энэ оны эхний 4 сард шинэ бүтээл, бүтээгдэхүүний загварын патент авахаар 161 иргэн, хуулийн этгээд мэдүүлэг гаргасан нь өмнөх оны мөн үеийнхээс 26 (19.3 хувь)-гаар нэмэгджээ.


Иргэн, хуулийн этгээдээс дээрх хугацаанд ирүүлсэн 129 бүтээлд патент олгосны 59 нь шинэ бүтээлийнх, 70 нь бүтээгдэхүүний загварынх байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс шинэ бүтээлийн патент 25 (73.5 хувь)-аар, бүтээгдэхүүний загварын патент 3 (4.5 хувь)-аар нэмэгдэв. Харин өмнөх сарынхаас шинэ бүтээлийн патент 22 (73.3 хувь)-оор багасаж, бүтээгдэхүүний загварын патент 6 (35.3 хувь)-гаар нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.


Шинэ бүтээлд олгосон патент (давхардсан тоогоор)-ыг олон улсын ангиллаар авч үзэхэд 26 нь хүний хэрэгцээг хангах зүйл, 19 нь хими, төмөрлөг, 10 нь механик инженер, гэрэлтүүлэг, халаалт, зэвсэг, тэсрэх бодис, мөн 10 нь физик, 7 нь технологийн төрөл бүрийн арга ажиллагаа, тээвэрлэлт, 10 нь бусад ангилалд хамаарч байна.


Оюуны өмчийн байгууллагад ашигтай загварын гэрчилгээ авахаар энэ оны эхний 4 сард 84 иргэн, хуулийн этгээд мэдүүлэг гаргасан нь өмнөх оны мөн үеийнхээс 20 (19.2 хувь)-иор багасав. Мөн иргэн, хуулийн этгээдийн ирүүлсэн 51 ашигтай загварт гэрчилгээ олгосон нь өмнөх оны мөн үеийнхээс 25 (32.9 хувь)- аар багаслаа.


Монгол Улсын хэмжээнд 2021 оны эхний 4 сард барааны тэмдгийн эрхийн хамгаалалт авахаар 1408 иргэн, хуулийн этгээд мэдүүлэг гаргажээ. Нийт мэдүүлсэн барааны тэмдгийн 484 (34.4 хувь) нь Мадридын хэлэлцээрийн дагуу Монгол Улсыг нэр зааж гаргасан олон улсын мэдүүлэг аж.


Мөн иргэн, хуулийн этгээдийн ирүүлсэн 1209 барааны тэмдэгт эрхийн хамгаалалт олгосон нь өмнөх оны мөн үеийнхээс 263 (17.9 хувь)-аар багасаж, 618 барааны тэмдгийг бүртгэхээс татгалзсан байна.


Бүтээлээ зохиогчийн эрхээр хамгаалуулахаар энэ оны эхний 4 сард 363 иргэн, хуулийн этгээд мэдүүлэг гаргаснаас бүх бүтээлд шинээр зохиогчийн эрхийн гэрчилгээ олгосон нь өмнөх оны мөн үеийнхээс 59 (14 хувь)-өөр багаслаа. 

Холбоотой мэдээ