Тариалалт 89 хувьтай үргэлжилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-06-04 15:59:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд одоогоор 348.4 мянган га талбайд үр тариа, үүнээс 334.7  мянган га-д улаанбуудай, 12.4 мянган га-д төмс, 5 мянган га-д хүнсний ногоо, 7.5 мянган га-д малын тэжээл, 19.3 мянган га-д тосны ургамал, нийтдээ 396 мянган га талбайг тариалаад байна.


Ингэснээр улсын хэмжээний үр тарианы тариалалт 89.5 хувьтай үргэлжилж байна. Үүнээс улаанбуудайн тариалалт  90.9, төмс 69.3, хүнсний ногоо 52.1, малын тэжээл 11.3, тосны ургамал 48.3 хувьтай байгаа аж.


ХААДС-гаас хаврын тариалалтад зориулан, хүсэлт гаргасан 579 иргэн,  аж хуйн нэгжид 12.1 мянган тн улаанбуудайн үрийг 20-30 хувийн, 289.4 мянган литр шатахууныг 50 хувийн, 25.1 тн ургамал хамгааллын бодис, бордоог 30 хувийн урьдчилгаатай зээлээр олгожээ.


Засгийн газрын “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх” 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөөний хүрээнд арилжааны банкны эх үүсвэрээс 100 тэрбум төгрөгийн хүүгийн хөнгөлөлттэй зээл олгох шийдвэрийн дагуу Төрийн банк, Хаан банк, Хас банк, Голомт банк, Худалдаа хөгжлийн банк, Капитрон банкаар дамжуулан тариалан бүхий 772 иргэн, аж ахуйн нэгжийн  зээлийн хүсэлтийг хүлээн авснаас 179 иргэн, аж ахуйн нэгжид 9 тэрбум төгрөгийн зээл олгоод байна.


Түүнчлэн, “Хүнсний ногоо” үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Өрхийн тариалан” хөдөлгөөн өрнүүлж тариалах талбай, хураан авах ургацын хэмжээг нэмж, хангамжийг тогтворжуулахаар улсын төсвийн 1.89 тэрбум төгрөгийн хөрөнгөөр 10 нэр төрлийн 176.2 тн ил талбай, хүлэмжийн ногооны үр худалдан авч, ногооны үрийн үнийг 80 хувиар хөнгөлж тариалан бүхий иргэн, аж ахуйн нэгжид олгосныг ХХААХҮЯ мэдээллээ.

 

 

Холбоотой мэдээ