Үер усны болзошгүй аюул, эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-06-10 10:28:47

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн цаг агаарын урьдчилсан төлөв мэдээгээр энэ сарын 10, 13-нд уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно. Мөн энэ сарын 12-нд зарим газраар бороо орж, борооны өмнө салхи түр зуур ширүүсэх төлөвтэй байна.  

Салхи энэ сарын 10, 11-нд зарим газраар 8-13 м/с, Алтайн салбар уулсаар 14-16 м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд баруунаас секундэд 4-9 метр байна.

Харин агаарын температурын хувьд уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна. Мөн бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 24-29 градус дулаан байх төлөвтэй.

Дулааны улирал эхэлсэнтэй холбогдуулан иргэд, олон нийт нуур, голын ай сав дагуу амрах, зугаалах явдал нэмэгджээ. Мөн Ховд аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс ирүүлсэн мэдээгээр сүүлийн үед нуур, голын усны түвшин тодорхой хувиар нэмэгдэж буй.

Иймээс мэргэжлийн байгууллагуудын зүгээс үер усны болзошгүй аюул, эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Гол, усны осол нь ихэвчлэн иргэдийн анхаарал болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голын усанд орох зэрэг шалтгаанаас үүдэлтэй байдаг аж.

Иймд голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчин, тариаланч, аж ахуйн нэгж байгууллага, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байх, нэгдсэн зохион байгуулалттай, нэгнийгээ бүртгэх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчихыг Ховд аймгийн Онцгой байдлын газраас анхаарууллаа.

 

Холбоотой мэдээ