Олон Улсын Хөдөлмөрийн Бага хурлын ээлжит чуулганд оролцож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-06-10 10:23:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Швейцарын Холбооны Улсын Женев хотноо болж байгаа Олон Улсын Хөдөлмөрийн Бага хурлын 109 дүгээр чуулганд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа тэргүүтэй гурван талын төлөөлөгчид цахимаар оролцож байна.


Манай улсын 3 талын төлөөлөгчдийн тэргүүн ХНХ-ын сайд А.Ариунзаяа энэ сарын 14-ний нэгдсэн хуралдаанд Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Ерөнхий захирлын тавих “Ковид-19 цар тахлын үеийн хөдөлмөр эрхлэлт” сэдэвт үндсэн илтгэлийн хүрээнд үг хэлж, Засгийн газрын байр суурийг илэрхийлнэ.


Цар тахлын улмаас анх удаа цахимаар зохион байгуулж буй тус чуулганд 176 улсын Засгийн газар, ажил олгогч, үйлдвэрчний эвлэлийн байгууллагын 3900 орчим төлөөлөгч оролцож, цар тахлын үе дэх олон улсын хөдөлмөрийн стандартын хэрэгжилт, тахлын эсрэг олон улсын хамтын ажиллагаа, хүн төвтэй ажил эрхлэлтэд чиглэсэн нийгмийн хамгааллын тогтолцоог ирээдүйд бий болгох талаар хэлэлцэж байна.


Энэ сарын 19-ны өдөр хүртэл 16 өдөр үргэлжлэх чуулганы үеэр Хөдөлмөрийн ертөнц дээд хэмжээний уулзалт зохион

байгуулагдахаас гадна хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдөр тохиох аж.


Чуулган хоёр хэсэгтэй бөгөөд эхний хэсэг нь энэ сарын 3-19-нд, үндсэн хэлэлцүүлэг нь 11 дүгээр сард “Ур чадвар ба насан туршийн суралцах үйл ажиллагаа”, “Тэгш бус байдал ба хөдөлмөрийн ертөнц” гэсэн хоёр сэдвээр өрнөнө.

Холбоотой мэдээ