Коронавирусний халдварын 11 тохиолдол шинээр бүртгэгдлээ

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2021-06-10 10:59:20

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймагт энэ сарын 10-ны өдрийн байдлаар коронавирусний халдвар авсан хүний тоо 11-ээр нэмэгдэж, батлагдсан тохиолдол нийт 321 боллоо.

Тодруулбал, Улаанбаатар хотоос Ховд аймагт ирсэн дөрвөн иргэн, тусгаарлан ажиглах байранд байсан таван иргэн, “Түшиг зочид буудал”-д байсан хоёр иргэнээс тус тус халдвар илэрсэн аж.  

Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т өнөөдрийн байдлаар 53 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 14 нь хүүхэд байна. Өнөөдөр халдвартай есөн иргэнийг  “Тусгаарлах эмнэлэг” рүү тээвэрлэх юм.

Сүүлийн 24 цагийн хугацаанд Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Вируслогийн салбар лаборатори, Зоонозын өвчин судлалын төвийн явуулын баг нийт 481 сорьцод PCR шинжилгээ хийжээ.

Одоогоор тус аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 302, тусгаарлан ажиглах байранд 200, гэрийн тусгаарлалтад 151, гэрийн ажиглалтад 815 иргэн тус тус байна.
  

Ховд аймгийн хэмжээнд коронавирусний халдвараас сэргийлэх дархлаажуулалтын ажил үргэлжилж байна. Зургаадугаар сарын 10-ны өдрийн 08.00 цагийн байдлаар 18-аас дээш насны 43548 иргэн вакцины эхний тун, 30683 иргэн хоёр дахь тунг хийлгэсэн байна.

Орон нутгийн иргэд цаашид халдвар хамгааллын дэглэмийг чанд баримталж, дархлаажуулалтад идэвхтэй хамрагдахыг мэргэжлийн байгууллагууд уриаллаа.  

Холбоотой мэдээ