“Европын холбооны хялбаршуулсан журам” сэдэвт сургалт болов

Монголын мэдээ | Нийгэм
dusem11@yahoo.com
2021-06-10 15:27:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Европын холбооноос Монгол Улсад үзүүлж буй Худалдаан дэмжих ТРАМ төслийн хүрээнд тус холбооны хялбарчилсан үйл ажиллагааны талаарх онлайн сургалтыг 2021 оны 6 дугаар сарын 7, 8, 10-нд зохион байгууллаа.

 

Энэхүү сургалтын нээлтэнд төслийн удирдагч Хатагтай Кармен Фратита болон Гаалийн ерөнхий газрын Хэвлэл мэдээлэл, сургалт, судалгааны төвийн дарга П.Дорждагва нар оролцож, гаалийн байгууллага цаашид хууль ёсны худалдааг улам хөнгөвчлөхөд уг сэдвийн ач холбогдол өндөр болохыг онцоллоо.

 

ЕХ-ны эксперт Ноён Мариан Чодак сургалтыг удирдан явуулсан бөгөөд гаалийн үйл ажиллагааг хялбарчилах болон түүний ач холбогдол, транзит үйл ажиллагааг хялбарчилах, хялбарчилсан мэдүүлэг, үйл ажиллагаанд мөрдөгдөх нэгдсэн процедур, итгэмжлэгдсэн ачаа илгээгч болон хүлээн авагч зэрэг чухал сэдвүүдийг багтаасан гэдгээрээ онцлогтой аж.

 

Сургалтад ГЕГ-ын төлөөллөөс гадна газар хороодын байцаагчид хамрагдсан бөгөөд тус сургалтын явцад олж авсан мэдлэг нь гаалийн байгууллагыг шинэчлэх байнгын эрмэлзлэлд эергээр нөлөөлөх юм гэж Гаалийн Ерөнхий газраас мэдээлж байна.

Холбоотой мэдээ