Маргааш-“Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдөр”

Монголын мэдээ | Нийгэм
oyundelger@montsame.gov.mn
2021-06-11 14:03:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НҮБ-ын Ерөнхий Ассемблейгаас 2021 оныг “Хүүхдийн хөдөлмөрийг устгах жил болгон зарласантай холбогдуулан энэ сарын 12-ныг “Хүүхдийн хөдөлмөрийг устгах дэлхийн өдөр” болгон тэмдэглэнэ.


Энэ өдрийг угтан “Одоо арга хэмжээ авъя: Хүүхдийн хөдөлмөрийг устгая” цахим хэлэлцүүлэг боллоо.

Хүүхдийн хөдөлмөр нь сурч боловсрох, эрүүл байх боломжийг үгүйсгэж, ядуурлыг гүнзгийрүүлж байдаг тул хүний үндсэн эрхийн зөрчил гэж үздэг аж. Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгах нь хүний эрхийг хамгаалах, эдийн засгийн өсөлтийг хангах, хүний хөгжил, тогтвортой хөгжлийг хангах үндэс болдог байна.


Монгол Улс 1990 онд НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенцид, 2003 онд Хүүхдийг худалдах, хүүхдийн биеийг үнэлэх, хүүхдийг садар самуунд сурталчлахын эсрэг нэмэлт протоколд, 2004 онд Хүүхдийг зэвсэгт мөргөлдөөнд оролцуулахын эсрэг нэмэлт протоколд нэгдэн оржээ. Мөн Олон улсын хөдөлмөрийн байгууллагын суурь 8 конвенцийг соёрхон баталсны дотор Хөдөлмөр эрхлэх насны доод хязгаарын тухай 138 дугаар конвенцийг 2002 онд, Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийг устгах тухай 182-р конвенцийг 2001 онд соёрхон баталсан юм.


Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаагаар Монгол Улсад 5-17 насны хөдөлмөр эрхэлж буй хүүхэд 16.7 хувь, түүнээс аюултай хөдөлмөр эрхэлж буй хүүхэд 7.8 хувь байгаагийн дийлэнх нь хөдөө аж ахуй (хурдны морь унаж уралдах зэрэг), барилгын салбар, бөөний болон жижиглэнгийн худалдаа, үйлчилгээний салбарт ажиллаж байна.


Цахим хэлэлцүүлгээр хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгах тухай хэлэлцүүлэг өрнүүлжээ. Хэлэлцүүлгийг дүгнэж оролцогч талуудын хамтарсан хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгах тухай захидлыг танилцууллаа.


Хэлэлцүүлэгт ХНХ-ын сайд А.Ариунзаяа, Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Траян Лауренцю Христеа, НҮБ-ын Монгол Улс дахь Суурин зохицуулагч Тапан Мишра, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Монгол-Хятадыг хариуцсан товчооны дэд захирал Дай Шиаочу, МАОЭНХ-ны дэд ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал Х.Ганбаатар, МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, ХЭҮК-ын гишүүн Д.Сүнжид нар оролцжээ.

 

Холбоотой мэдээ