П.Буянзаяа: Би сайн хуульч болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2021-06-11 18:37:47

Увс /МОНЦАМЭ/. Улаангом сумын Ерөнхий боловсролын 4-р сургуулийн 12-р ангийн сурагч П.Буянзаяатай ярилцлаа. Тэрбээр ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр тус улсад дөрвөн жил үнэ төлбөргүй суралцах эрхийн бичгээр шагнуулаад байна.


-Өөрийгөө танилцуулна уу?

-Намайг Пүрэвсүрэнгийн Буянзаяа гэдэг. Би аав, ээж, ахтайгаа амьдардаг. Энэ жил 12-р ангиа төгсөөд Элсэлтийн ерөнхий шалгалтаа өгөхөөр бэлтгэж байна. 2021 он миний хувьд амжилт арвинтай жил байлаа. Сургуулийнхаа “Шилдэг төгсөгч” болсон. Мөн ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр тус улсад дөрвөн жил үнэ төлбөргүй суралцах эрхийн бичгээр шагнуулсан. Би хуульч мэргэжил эзэмшихийг хүсдэг учраас ОХУ-д хууль, эрхзүйн чиглэлээр суралцахаар төлөвлөөд байна. Яагаад гэвэл өнөөгийн нийгэмд охид эмэгтэйчүүд, хүүхдүүд хүчирхийлэлд маш ихээр өртөж, хохирогч болсоор байгаад сэтгэл эмзэглэж явдаг. Иймд хүүхэд, охид, эмэгтэйчүүдийг хамгаалахын тулд хуульч болохыг хүсч байна.

-Тэтгэлэгт хэрхэн хамрагдсан талаараа ярихгүй юу?

-ОХУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдсан тухай мэдээллийг сошиалаас олж харсан. Тухайн үед тэтгэлгийн шалгуур, шаардлага нь өндөр байсан ч үзээд алдахаар шийдсэн юм. Миний сурлагын дүн сайн байсан учраас тэтгэлэгт тэнцсэн гэж боддог. Одоогийн байдлаар мэргэжлээ сонгосон ч яг ямар сургуульд суралцахаа шийдэж амжаагүй байна. Юун түрүүнд Элсэлтийн ерөнхий шалтгалтдаа илүү анхаарлаа хандуулж байна. ОХУ-ын тэтгэлэг авсан гээд хойш нь суухгүйгээр хамгийн гол нь өөрийгөө сорих, надад өөр ямар боломж байгааг олж мэдэх, үеийн найзууд дундаа сурлагаараа хэр түвшинд байгаагаа харахын тулд Элсэлтийн ерөнхий шалгалтад орж байгаа.

-Ямар хичээлээр шалгалт өгөхөөр бэлдэж байна вэ?

-Цар тахалтай холбоотой гол төлөв шалгалтдаа бие даан бэлдэж байна. Нийгмийн ухаан, математик, англи хэлний хичээлээр шалгалт өгнө. Ялангуяа миний сонгосон мэргэжилтэй уялдаатай учир нийгмийн хичээлдээ илүү дуртай. Тодорхой хэмжээнд бүтэн өдрийг хичээл хийхэд зориулахаас илүү цагийн төлөвлөлттэй байхыг хичээдэг. Өглөө эрт боссон ч бүтээмж муутай байдаг болохоор орой чимээгүй орчинд төвлөрч хичээллэдэг. Багш нар маань байнгын холбоотой байж, тусалж дэмждэгт баярлаж явдаг.

-Чөлөөт цагаараа юу хийдэг вэ?

-Өнгөрсөн хугацаанд хичээлдээ шамдан суралцахаас гадна чөлөөт цагаараа өөрийгөө хөгжүүлж, эрүүл мэнддээ анхаарч, спортоор хичээллэж ирсэн. Сагсан бөмбөг, хөнгөн атлетик, гар бөмбөгийн спортын төрлөөр аймгийн чанартай тэмцээнд амжилттай оролцсон. Спорт бол хүний бие бялдрыг хөгжүүлэхээс гадна эрүүл чийрэг болоход эерэг нөлөөг үзүүлдэг учир цаашид илүү хичээх болно.

Гаргасан амжилтын тухайд “Хүүхдийн спортын их наадам”-аас хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн. Зургаадугаар ангиасаа хойш хөнгөн атлетикийн спортоор хичээллээд, гаргасан амжилтыг минь үнэлж аймгийн БТСГ-аас Хөнгөн атлетикийн спортын 2-р зэрэг, Сагсан бөмбөгийн спортын 3-р зэрэг олгосон. Сүүлийн жилүүдэд цар тахлын улмаас тэмцээн, уралдаан зохион байгуулахгүй байгаа учир чөлөөт цагаа хувь хүний хөгжилд илүүтэй зарцуулж байна. Энэ хүрээнд өөртөө цагийн менежментийг төлөвшүүлэн шалгалтдаа бэлтгэж байна.

-Үе тэнгийн найзууддаа хандаж юу хэлэх вэ?

-Юуны өмнө үе тэнгийн найзууддаа хандаад Элсэлтийн ерөнхий шалгалтаа амжилттай өгч, хүссэн сургуульдаа элсэн ороорой гэж хэлэх байна. Мөн дүү нартаа зөвлөхөд мэргэжлээ сонгохдоо хэн нэгний шахалтаар бус, өөрийн хүсэл сонирхлоо дагах нь чухал шүү гэдгийг хэлье.

Энэ ташрамд сургуулиа амжилттай төгсөхөд минь тусалсан Ц.Мягмар захиралтай сургуулийнхаа хамт олонд талархал илэрхийлье. Үргэлж тусалж, дэмжиж байдаг хайртай аав, ээж хоёртоо болон ахдаа маш их баярлаж явдаг шүү. Би сайн хуульч болоод та бүгдийгээ баярлуулах болно.

-Ярилцсанд баярлалаа.                                                                           

Холбоотой мэдээ