Японы Окинавагаас бусад мужид онцгой байдлыг цуцална

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2021-06-17 09:58:18

ТОКИО. /NHK/. Японы Засгийн газар коронавирусний халдварын тархалтыг хязгаарлахын тулд мужууддаа тогтоосон онцгой байдлын дэглэмээ цуцлахаар төлөвлөж байна. Харин Окинава мужид хязгаарлалтын дүрэм журмуудыг үргэлжлүүлэн мөрдөх төлөвтэй байна.


Мөн Токио, Осака зэрэг долоон мужид урьдчилан сэргийлэх эрчимжүүлсэн арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ажээ. Ерөнхий сайд Сүга Ёшихидэ, Коронавирустэй тэмцэх асуудал хариуцсан сайд Нишимүра Ясүтоши, Эрүүл мэндийн сайд Тамүра Норихиса тэргүүтэй төлөөлөгчид лхагва гарагт энэхүү төлөвлөгөөний талаар хэлэлцжээ.


Тодруулбал, уг төлөвлөгөөний дагуу Окинавагаас бусад есөн мужид ирэх ням гаргаас онцгой байдлын дэглэмийг цуцална. Үүний дараа тэдгээрийн долоод нь буюу Хоккайдо, Токио, Аичи, Осака, Хиого, Киото, Фүкүокад ирэх долоодугаар сарын 11 хүртэл вирустэй тэмцэх эрчимжүүлсэн арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.


Окинава мужийн хувьд эмнэлгийн ачаалал их хэвээр байгааг нь харгалзан онцгой байдлын дэглэмийг ирэх сарын 11 хүртэл сунгах төлөвтэй байна. Засгийн газар пүрэв гарагт халдварт өвчин судлалын мэргэжилтнүүдтэй уулзан зөвлөлдөх бөгөөд Засгийн газрын ажлын хэсгийн уулзалтаар холбогдох шийдвэрийг эцэслэн гаргах ажээ. 

Холбоотой мэдээ