Бүртгэгдсэн гомдол мэдээлэл 1.8 хувиар буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-06-17 15:13:10

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн хэмжээнд 2021 оны эхний таван сард иргэн, хуулийн этгээдээс 1254 гомдол мэдээлэл ирсэн байна. Үүнээс 303 нь гэмт хэрэг, 951 нь зөрчлийн шинжтэй гомдол мэдээлэл байжээ. Бүртгэгдсэн гомдол мэдээлэл нь өмнөх оны мөн үеэс 1.8 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Мөн 2021 оны эхний таван сард 152 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 31.2 хувиар буурсан. Гэмт хэргийн улмаас 138 иргэн хохирч, үүнээс 7 хүн нас барж, 52 хүн гэмтсэн аж.

Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулж үзвэл нас барсан хүний тоо 12.5 хувь, гэмтсэн хүний тоо 13.3 хувиар тус тус буурсан гэж Ховд аймаг дахь Цагдаагийн газраас мэдээллээ. 

Түүнчлэн 2021 оны эхний таван сард залилах гэмт хэрэг 25 бүртгэгдсэн нь гурван хэргээр буюу 13.6 хувь өсчээ. Мөн алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших дөрвөн гэмт хэрэг бүртгэгдсэн нь дөрөв дахин өссөн байна. Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг ес бүртгэгдсэн нь долоон хэргээр буюу 4.5 дахин өссөн үзүүлэлттэй буй.

Харин хулгайлах 25.0, мал хулгайлах 74.1, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг 57.1 хувь, хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 46.1 хувиар тус тус буурчээ.

Судалгаагаар гэмт хэргийн 34.2 хувь нь гэр, орон сууцанд үйлдэгдсэн байх бөгөөд ахуйн хүрээнд үйлдсэн хэрэг, зөрчил нэмэгдэх хандлагатай байна гэж албаны эх сурвалж хэллээ.  

Холбоотой мэдээ