“Өнөр бүл” төвийн Хараацай зусланд амрах боломжгүй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2021-06-17 17:29:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Өнөр бүл” төвийн хүүхдүүд өөрийн мэдлийн Хараацай зусландаа нэг ээлжээр зуны гурван сарын турш амардаг ч засвар хийгдээгүйгээс амрах боломжгүй байна.

 

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар /ГБХЗХГ/-ын дарга Г.Батдорж болон тус газрын Гэр бүл, хүүхдийн ажил үйлчилгээ, жендэрийн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Санжид нар өчигдөр Хараацай зуслангийн нөхцөл байдалтай танилцжээ.

 

“Өнөр бүл” хүүхдийн төв нь төрөөс зайлшгүй асран хамгаалах хэрэгцээ үүссэн 2-18 хүртэлх насны хүүхдийг хүлээн авч, гэр бүлд дүйцэхүйц хөгжил, хамгааллын болон хүүхэд асрах хувилбарт үйлчилгээ үзүүлэх чиг үүрэг бүхий Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ГБХЗХГ-ын харьяа төрийн үйлчилгээний онцгой байгууллага юм.

 

“Өнөр бүл” төвийн дарга М.Өлзийчимэг жил бүр л нөхцөл байдал хүндхэн байдаг. Өнгөрсөн хугацаанд тусламж, дэмжлэг, санхүүжилтээр засвар хийсэн ч тэр нь будах, хулдаас солихоос хэтэрдэггүй юм байна. Харин 2019 онд Ерөнхий сайд У.Хүрэлсүх зуслангийн үйл ажиллагаатай танилцан, 100 сая төгрөгийн дэмжлэг шийдэж өгснөөр дээврээ засуулсан гэлээ.


 

Анх 1982 онд баригдсан "Хараацай" зуслангийн байр нь охид, хөвгүүдийн байр, гал тогоо, эрэгтэй эмэгтэй ариун цэврийн байр, цэцэрлэгийн насныхны нийт 7 байртай. Борооны үед дээврээс ус гоождог, зарим цахилгааны монтаж гэмтсэн, үерийн уснаас үүдэн худгийн ус булингартсан, бохирын ус дүүрч ашиглах боломжгүй болсон, байшингууд суурьгүйгээс зарим байрны доогуур ус тогтсон байдалтай байна.


 

Байгалийн давтагдашгүй хүчин зүйлээс үүдэн нөхцөл байдал хүндэрдэг ч энэ ганц асуудал биш аж. Байшингуудын ашиглалтын насжилтаас шалтгаалан шат, суурийн моднууд хэврэгшиж хөгцөрчээ.


 

Үүссэн нөхцөл байдлын талаар холбогдох байгууллагуудад танилцуулж, асуудлыг шийдэхэд анхаарал хандуулж ажиллана гэдгээ Г.Батдорж дарга онцлов.



Холбоотой мэдээ