БНСУ долоодугаар сар гэхэд 15 сая иргэнээ вакцинжуулахаар төлөвлөж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2021-06-18 13:25:56

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-ын эрх баригчид коронавирусний вакцины эхний тунг хийлгэсэн хүний тоог зургаадугаар сар дуусахаас өмнө дор хаяж 15 саяд хүргэхээр төлөвлөж байна.


Энэ тухай тус улсын Аюулгүй байдлын сайд  Чон Хэ Чоль Байгалийн гамшиг, онцгой байдал, гамшигтай тэмцэх төв штабын хуралд үг хэлэхдээ мэдэгджээ.


“Зургаадугаар сар дуусахаас өмнө “COVID-19”-ийн вакцин хийлгэсэн иргэдийн тоо дор хаяж 15 саяд хүрнэ” гэж тэрбээр цохон тэмдэглэсэн байна. БНСУ-д вакцинжуулалт одоо маш хурдацтай явагдаж, гадаадаас вакцины хангамж тогтворжиж байгааг сайд онцолжээ.


Пүрэв гаргийн байдлаар Өмнөд Солонгосын хүн амын 27.7 хувь буюу 14.23 сая хүн вакцины эхний тунг тариулсан бол 3.88 сая буюу хүн амын 7.6 хувь нь хоёр тунг бүрэн хийлгэсэн байна.


Эрх баригчид 11 дүгээр сар гэхэд сүргийн дархлаа бий болгох зорилгоор есдүгээр сар гэхэд 36 сая хүн буюу хүн амын 70 хувийг дор хаяж нэг тунгаар вакцинжуулахаар төлөвлөжээ.


Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх үндэсний газраас нь мэдээлснээр, зургаадугаар сарын 17-ны өдөр Өмнөд Солонгост коронавирусний халдварын 507 шинэ тохиолдол бүртгэгджээ. Цар тахал дэгдсэнээс хойш халдвар авсан нийт хүний тоо 150 238 болсон байна. Өнгөрсөн хоногт “COVID-19”- ийн улмаас хоёр хүн нас барж, эндсэн хүний тоо 1996 болжээ.


 


Холбоотой мэдээ