Н.Тавинбэх: Ухаалаг технологид суурилсан эрчим хүчний систем нэвтрүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-06-18 16:59:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрчим хүчний сайд Н.Тавинбэх болон Эрчим хүчний зохицуулах хорооны албаны зарим төлөөлөл “УБЦТС” ТӨХК-ийн харьяа Сонгинохайрхан хэрэглэгчдэд үйлчлэх төвд ажиллалаа.


“УБЦТС” ТӨХК-ийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхээр 2021 онд түгээх сүлжээний алдагдал өндөр фидерүүдийн цахилгаан дамжуулах зарим агаарын шугам, шитүүдийг засварлах, тоолуур хэмжих хэрэгслийг шинэчилж ухаалаг болгож байна.


Сайд Н.Тавинбэх “Өнгөрсөн хугацаанд үйлчилгээнийхээ соёлд дутуу анхаарсан байна. Энэ цаг үед ухаалаг систем рүү шилжиж, нийслэлд яаралтай эхлүүлэх шаардлагатай. Энэ ажлыг хийхэд 120 орчим сая ам.доллар шаардагдах тооцоо бий. Энэ мөнгийг нэг дор гаргахад хүндрэлтэй учир нийслэлийн хамгийн олон хүн амтай СХД-т нэвтрүүлж эхэлнэ” гэв.


Энэ хүрээнд СХХҮТ-ийн гэр хорооллын гурав /Амралт, Хайрхан, Толгойт/, Зуслан ХҮТ-ийн нэг /Ар согоот/ нийт 4 фидерийн 8500-10000 хэрэглэгч хамрагдах аж.

Төсөл хэрэгжүүлснээр тоолуур, хэмжих хэрэгслийг бүрэн шинэчилж, сүүлийн үеийн ухаалаг тоолуур тавина. Энэ нь нийслэлд хэрэгжүүлж буй анхны ухаалаг шугам сүлжээ бий болгох техник технологийн дэвшил юм. Уг фидерүүдэд техникийн болон арилжааны цахилгааны эрчим хүчний алдагдал /зүй бус хэрэглээ/ багасна.


Ингэснээр эдийн засгийн хувьд ач холбогдолтой бөгөөд тэр хэмжээгээр компанийн орлого, эрчим хүчний системд төвлөрүүлэх мөнгөн дүн нэмэгдэнэ. Ухаалаг сүлжээ хэрэгжүүлснээр хэрэглэгчийн таслалт, залгалт, хяналт шалгалт, тоолуурын заалт зэрэг мэдээллийг алсын зайнаас авч, үйлчилгээ үзүүлэх юм. Мөн хүний нөөц, ажиллах хүчний цаг, зардлыг хэмнэх ач холбогдолтой.


СХХҮТ нь 2006 оноос үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 176 инженер техникийн ажилтантай. Нийслэлийн хүн амын дөрөвний нэгт цахилгаан эрчим хүч /ЦЭХ/-ний хангах үйл ажиллагааг хариуцан ажилладаг.

Холбоотой мэдээ