Дэлхий даяар 2.62 тэрбум тун вакцин тарьжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2021-06-21 14:13:21

АНКАРА. /Anadolu/. Дэлхий даяар “COVID-19”-ийн 2.62 тэрбум гаруй тун вакцин тариад байна гэж Оксфордын их сургууль тэргүүтэй байгууллагуудын судлаачдын хөтөлдөг “Our World in Data” цахим хуудас мэдээллээ.


Тодруулбал, дэлхийн улс орнуудаас БНХАУ-д хамгийн олон буюу 1.1 тэрбум гаруй тун вакцин тарьсан бол түүний араас 317.17 сая тун вакцин хийсэн АНУ жагсаж байна.


Мөн Энэтхэгт 276 сая, Бразилд 86.4 сая, Их Британид 73.7 сая, Германд 65.7 сая, Францад 47.7 сая, Италид 45.5 сая, Туркт 41.3 сая тунг тус тус тарьжээ. Эдгээр орны араас Мексик, Испани, Индонез, ОХУ бичигдэж байна.


Our World in Data” цахим хуудсанд мэдээлснээр, хүн амын тоог тарьсан вакцины тунтай харьцуулсан үзүүлэлтээр АНЭУ тэргүүлж байгаа бөгөөд тус улсад 100 хүн тутамд 144.8 тунг тарьжээ. 


Цар тахал 2019 оны 12 дугаар сард анх дэгдсэнээс хойш 192 улс орон, нутаг дэвсгэрт бүртгэгдэж, 178.27 сая гаруй тохиолдол илэрч, 3.86 сая гаруй хүн нас барсныг Жонс Хопкинсын нэрэмжит их сургуулийн мэдээлэл харуулж байна. 

Холбоотой мэдээ