Булган аймагт “Соёл, урлаг-Булган 2021” цахим форум болж байна

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2021-06-23 12:19:48

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Засаг даргын санаачилгаар “Соёл, урлаг-Булган 2021” цахим форумыг Соёлын яам, Соёлын өвийн үндэсний төв, Үндэсний номын сан зэрэг соёлын салбарын төв байгууллагатай хамтран зохион байгуулж байна. Аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ:

            - Соёлын бодлого, соёлын өвийн хадгалалт хамгаалалт, номын сангийн үйчилгээ, гэр бүлийн соёл, соёлын салбарын хүний нөөцийн менежментийг боловсронгуй болгох, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломж сэдвээр зочин төлөөлөгчдийн санал бодлоо хуваалцсан үр дүнтэй форум болно гэдэгт итгэж байна. Соёл урлаг нийгмийг хамгаас илүү хүчтэй гэрэлтүүлж байдаг гэж энэ үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ онцоллоо.

Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Шинэ хөгжлийн зам” хөтөлбөрт тусгасан орон нутгийн хөгжлийн соёлын бодлого, аймгийн соёл, урлагийн байгууллагын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, соёл, урлагийн салбарын бодлого, соёлын бүтээлч өвийг хөгжүүлэх, аймгийн түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн хадгалалт хамгаалалт, “Үндэсний өв, бичиг соёлыг түгээн дэлгэрүүлэх жил”-ийн ажлын үр дүн зэрэг сэдвээр салбарын байгууллагаас тус форумд мэдээлэл хийж байна.

“Соёл, урлаг-Булган 2021” цахим форумаас орон нутгийн соёлын хөгжлийн төлөө хамтран ажиллахаар тодорхой санал дэвшүүлж байгааг аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Оюунбилэг танилцууллаа.

“Соёл түгээе” форумыг жил бүр хийж хэвших, зохиолч С.Удвалын нэрэмжит шагналтай болж, “Уран үгсийн чуулган” зохион байгуулах, хүүхдийн зохиолч Ж.Дашдондогийн нэрэмжит өсвөрийн яруу найрагчдын наадмыг хоёр жил тутам зохиох, нүүдлийн номын сангийн үйлчилгээ, соёлын өв, түүх дурсгалт газруудын аялал жуулчлалын маршрут сүлжээг хөгжүүлэх, соёл урлагийн салбарын мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэхэд мэргэжлийн сургалтын байгууллагатай хамтран ажиллах зэрэг чиглэлийн талаар форумд оролцогчид санал бодлоо хуваалцаж байна.


Холбоотой мэдээ