Угсармал орон сууцыг дулаалах төсөл хэрэгжиж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2016-06-24 19:30:40

Нийслэлийн орон сууцны корпораци (НОСК)-иас оршин суугчид өвлийн улиралд байр хүйтэн гэх гомдлыг оршин суугчид нэлээд бухимддаг. Тэгвэл өнөөдөр “Дулаан техникийн шинэчлэл төсөл”-ийг танилцуулах “Нээлттэй хаалганы өдөр”-ийг өнөөдөр “Мишээл экспо”-д зохион байгуулрлаа.

Нийслэлд 1970-1990-д оны хооронд барьсан 1077 угсармал орон сууцанд 46 мянга гаруй өрх буюу хүн амын 20 хувь нь амьдарч байна. Эдгээр угсармал орон сууцанд өнөөдрийг хүртэл их засвар хийгээгүй бөгөөд дулааны алдагдал өндөр байгаа юм. Тиймээс НИТХ-ын Тэргүүлэгчдийн 86 дугаар тогтоолоор “Дулаан техникийн шинэчлэлийн үйл ажиллагааны журам”-ыг баталжээ. Журмын дагуу эрчим хүчний аудитын дүгнэлтийг үндэслэн, нийтийн зориулалттай орон сууцны барилгын дулааны алдагдлыг бууруулах зорилгоор үе шаттай ажил хэрэгжүүлж эхэлсэн хэмээн НОСК-ийн захирал Б.Тэлмэн “Нээлттэй хаалганы өдөр”-ийн үеэр онцлов.

“Дулаан техникийн шинэчлэл төсөл”-ийн хүрээнд  барилгын гадна ханыг дулаалах, дээврийн засвар шинэчлэлтийг хийх, хаалга, цонхыг шинэчлэх, зоорийн давхрын хучилтыг шинэчлэх, хуучирч муудсан, бөглөрөл ихээр бий болсон дотор системийг шинэчлэх зэрэг ажлууд гүйцэтгэх аж.

Журмын дагуу иргэд төсөлд хамрагдахын тулд байрныхаа СӨХ-ны хурлаар хэлэлцүүлж, саналаа дүүргийн ЗДТГ-т хүргүүлэх юм. Тухайн дүүргийн Засаг Дарга нь төсөлд хамрагдах хүсэлтийг зөвшөөрч, батламжлан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд хүргүүлнэ. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албан нь дулаан алдагдлын зэрэглэл тогтоож, тухайн объектод тохирсон дулаан техникийн шинэчлэлийн ажлын даалгавар, техникийн тодорхойлолтыг боловсруулж, сууц өмчлөгч болон гүйцэтгэгч компанитай гурван талт гэрээ байгуулснаар төсөлд хамрах боломжтой.

Төслийн хүрээнд одоогоор Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны 9 байр, Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны 31-дүгээр байр, Сонгинохайрхан дүүргийн 18 хорооны 10 дугаар байранд зураг, төсөв боловсруулах, их засвар хийх ажлыг эхлүүлэхээр болов.

Түүнчлэн НОСК-аас хэд хэдэн томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байна. Тухайлбал, Нийслэлийн харъяа байгууллагуудад ажиллаж буй төрийн албан хаагчдыг орон сууц худалдан авахад нь дэмжлэг үзүүлэх, гэр хорооллын дахин төлөвлөлтийг дэмжих зорилгоор “Улаанбаатар- Орон сууц” сангаас урьдчилгаа төлбөрийн 50 хувийг буцалтгүй тусламжаар олгож байгаа юм. Уг дэмжлэгийг авах хүсэлтэй албан хаагч төрийн албанд гурваас дээш жил ажилласан байх ёстойгоос гадна гэр хорооллын дахин төлөвлөлтийн орон сууцаас авах ёстой аж.

Г.Уранчимэг

Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ