Зуслангийн газар өмчлүүлэх ажил 9 дүгээр сар хүртэл үргэлжилнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
gantuya@montsame.mn
2016-06-25 12:56:49

Нийслэлийн иргэнд эзэмшиж байгаа зуслангийн газрыг нь өмчлүүлэх ажил ирэх есдүгээр сар хүртэл үргэлжилнэ. 

Зуслангийн газар өмчлөлийн ажил өнгөрөгч дөрөвдүгээр сарын 18-нд албан ёсоор эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 20 гаруй хувьтай байна. Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нэр бүхий 26 амны өмчлөх боломжтой 18 216 нэгж талбар байгаа гэж тооцсон бөгөөд иргэдийн өргөдлийг цахим хэлбэрээр болон цаасан хэлбэрээр дүүргүүдэд авч байгаа юм.   

Чингэлтэй дүүргийн хувьд эзэмшиж байсан газрыг нь өмчлүүлэх боломжтой 200 гаруй материалыг хүлээн авч захирамжийн төсөлд танилцуулахад бэлдэж байгаа бөгөөд 1800 орчим хүсэлтийг цахимаар хүлээн авсанаас 800 иргэний эзэмшлийн зуслангийн газрыг судалж үзэн боломжтой, боломжгүй гэсэн хариуг өгчээ. Харин Сүхбаатар дүүргийн хувьд өмчлөх боломжтой 210 материалыг цаасаар авч өмчлөлийн шатанд шилжүүлсэн, цахим системээр 3200 хүсэлт ирснээс 2000 гаруйд нь боломжтой, боломжгүй гэсэн хариу өгчээ. 

Зуслангийн газрын өмчлөл эхэлсэн цагаас хойш нийт ирүүлж байгаа өргөдөл, хүсэлтээс харахад бичиг баримтын зөрчилтэй буюу тухайн эзэмшиж байгаа газрынхаа баталгаажсан хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан, газрын төлбөрөө төлөөгүй удсан, орц гарц хаасан гэх мэт зөрчлүүд зонхилж байгаа аж. 

Н.Туяа 

Холбоотой мэдээ