Эмч, ажилтнууд тэмцлийн дараагийн шат руу шилжихээ мэдэгдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2021-07-06 13:58:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатарын талбайд суулт зарлаад буй, Монголын 66 мянган эмч, ажилтнуудын төлөөлөл өнөөдөр мэдэгдэл хийж цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээллээ.


Тэд өнгөрсөн сарын 29-нд хийсэн хэвлэлийн бага хурлаар:

 

1.    ЭМС-ын ажилтнуудын үндсэн цалинг 2 дахин нэмэгдүүлэх

 

2.    Эмч, ажилтнуудын эрүүл мэнд, амь нас, эрсдэлийн даатгалд хамруулах

 

3. Монголын ЭМС-ынхан бүхэлдээ улаан бүс болсон тул Улаан, Ногоон бүсээр ялгаварлахгүй байх зэрэг асуудлыг нэн даруй шийдвэрлэж өгөхийг хүссэн ч өнөөдрийг хүртэл тодорхой шийдвэр гаргаагүй тул шийдвэр гартал ажил хаялт зарлахаа мэдэгдэж байна” гэлээ.   


 

Монголын эрүүл мэндийн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн холбооны Гүйцэтгэх зөвлөлийн 3 дугаар хуралдаанаар хэлэлцэн эмч, ажилтнуудын үндсэн цалинг 2 дахин нэмэгдүүлэх Түр хороог байгуулан нийт эмч ажилтныг төлөөлөн эвлэлдэн нэгдэх, үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэх үүргийг хүлээн тэмцэл хөдөлгөөн өрнүүлээд 8 өдөр болж байгаа юм.

 

Тэд салбарын сайддаа нөхцөл байдлыг сайжруулах талаар удаа дараа хандсан  боловч тодорхой шийдэл гаргаагүй, мөн УИХ, Засгийн газарт шаардлага хүргүүлсэн ч өнөөдрийг хүртэл хариу ирүүлэхгүй, шйдвэр гаргахгүй, үл тоомсорлож байгаад эмч ажилтнууд эрс эсэргүүцэж байна” гэв.


 

Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг нэмэгдүүлэх Түр хорооны дарга, СЭМҮТ-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Ө.Анхболд:Бид 7 дугаар сарын 1-нээс хойш шаардлагынхаа хариуг авах гэж 8 хоног, янз бүрийн арга хэрэглэн энд сууж байна. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл хэн ч анхаарлаа хандуулсангүй. Тиймээс тэмцлийн дараагийн шатанд шилжиж байна. 2020 оны 11 дүгээр сарын 11-нээс хойш эрүүл мэндийн салбар өндөр ачаалалтай, өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа ч хэн ч хойш сууж, ухарч няцаагүй. 2021 оны нэгдүгээр улиралд улсын дундаж цалин 1 390 000 төгрөг хүрснийг холбогдох хүмүүс бахархалтай зарласан. Харин Эрүүл мэндийн салбарынхны дундаж цалин 647 мянган төгрөг юм. Өөрөөр хэлбэл, эрүүл мэндийн салбарын дундаж цалинг 2 дахин нэмэгдүүлсэн ч улсын дундаж цалингийн хэмжээнд хүрэхгүй. Эмч, сувилагч, асрагч, ажилтнууд 3-5 дахин их ачаалал дунд, гэртээ ч харьж чадахгүй бүх хүчээ дайчилж ажиллаад улсын дундаж цалинд хүрэхгүй цалинтай байгаа нь шударга бус. Энэ нь 66 мянган хүний үзэл бодлын илэрхийлэл юм шүү” гэлээ.  


Энэ үеэр УИХ-ын гишүүдийн төлөөлөл ирж тэднийг дэмжиж байгаа гэдгээ илэрхийлсэн юм.



Холбоотой мэдээ