Захиргааны ерөнхий хуулийг хэрэгжүүлэхэд хуульчид анхаарлаа хандуулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсээс санаачлан шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагуудыг оролцуулсан уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа.
Уулзалтаар 2016.07.01-ний өдрөөс дагаж мөрдөх “Захиргааны ерөнхий хууль”, “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль”-ийг сурталчилж, хуульчдын оролцоо, хэрэгжүүлэхэд анхаарах асуудал. Мөн 2016 оны 09 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Прокурорын байгууллагын тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны тухай зэрэг хуулиудын шинэчилсэн найруулга болон гол гол өөрчлөлтийн талаар танилцуулга, мэдээллийг өгсөн байна.
Уг арга хэмжээнд аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтэс, аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх, сум дундын Эрүү, Иргэний хэргийн анхан шатны шүүх, аймгийн Прокурорын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Шүүхийн шинжилгээний алба, Өмгөөлөгчдийн болон Хууль зүйн туслалцааны төвийн удирдлагууд, ажилтан, албан хаагчид оролцлоо.
Тус уулзалт хэлэлцүүлэг нь “Захиргааны ерөнхий хууль ба хуульчид” сэдвийн дор зохион байгуулагдсан бөгөөд Хуульчдын өдрийг тохиолдуулан хийж буйгаараа онцлогтой байв. Хууль хэрэгжиж явцад ямар нэгэн хүндрэл үүсэхгүй байх зорилгоор энэхүү сануулга мэдээллийг өгчээ.
Сэлэнгэ аймаг. Ч.Отгонцэцэг