Архангай аймгийн зарим хэсгийг байгалийн нөөц газарт хамруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2021-07-06 15:15:33
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, “Улсын тусгай хамгаалалттай газрын ангиллыг шинэчлэн тогтоох тухай” УИХ-ын 1995 оны 26 дугаар тогтоолд нэмэлт оруулах тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив. 


Тогтоолын төслийн танилцуулгыг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн хийв. Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлт, хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөллөөс байгаль орчин доройтох, байгалийн нөөц хомсдох үйл явц улам бүр эрчимжиж байна. Иймд байгалийн унаган төрх, экологийн тэнцвэрт байлыг хадгалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх, хамгаалах, ногоон хөгжлийн түшиц газрыг бий бологоход экологийн эрх ашгийг тэргүүн зэрэгт тавьсан менежмент бүхий тогтолцоог бэхжүүлэн хамгаалах, түүндээ зохицсон уламжлалт аж ахуйгаа олон улсын жишгээр баяжуулан хөгжүүлэх үүднээс Монгол Улсын зарим газар нутгийг улсын байгалийн нөөц газарт хамруулах шаардлагатай байна. Тодруулбал, Архангай аймгийн Жаргалант, Чулуут, Өндөр-Улаан сумын зарим хэсгийг байгалийн нөөц газарт хамруулснаар байгалийн унаган төрх, өвөрмөц тогтоц, эртний түүхийн ул мөрийг хадгалсан газрыг хойч үедээ өвлүүлэн үлдээх, аялал жуулчлалын түшиц газар болгон хөгжүүлэх боломжтой гэв.



Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Бейсен Баян-Өлгий аймаг дахь зарим газар нутгийг тусгай хамгаалалтад авах тухай асуудлын хэрэгжилтийн талаар тодруулав. Ажлын багаас хийсэн тайлбарт, баруун аймгуудын газар нутгийн зарим хэсгийг улсын тусгай хамгаалалтад авахаар ажлын баг гарч, наадмын дараа уг асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн гэв. Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн Б.Батжаргал, Г.Мөнхцэцэг, Ц.Анандбазар нар Монгол Улсын нийт хэчнээн газар нутгийг улсын тусгай хамгаалтад авахаар төлөвлөсөн, мөн тогтоолын төсөлд заасан газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авахад улсаас ямар зардал гарахаар байгааг тодруулж байв.

Ажлын багаас энэ онд нийт 12 газар, бүсийг байгалийн нөөц болон байгалийн дурсгалт газраар улсын тусгай хамгаалтад авахаар төлөвлөж, Засгийн газарт оруулахаар ажиллаж байна.

Улсын тусгай хамгаалалтад авахад улсын төсөвт ямар нэгэн зардал үүсэхгүй гэж хууль санаачлагч, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн болон Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас тайлбарлав.


Ингээд тогтоолын төслийг үзэл баримтлалын хувьд хэлэлцэхийг дэмжье гэсэн санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 64.7 хувь дэмжив. Байнгын хорооны санал, дүгнэлтийн чуулганы нэгдсэн хуралдаанд УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг танилцуулахаар тогтлоо.

Холбоотой мэдээ