Хоёр постын үйл ажиллагааг нэгтгэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-07-06 21:21:27

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагийн байдлаар Сэлэнгэ аймагт 20 тохиолдол нэмж бүртгэгдлээ.

Аймгийн төв Сүхбаатар суманд халдварын тохиолдол нэмж бүртгэгдээгүй байна. Дээрх тохиолдлууд нь Алтанбулаг, Зүүнбүрэн, Ерөө, Бугант, Орхон, Орхонтуул, Хүдэр суманд бүртгэгдсэн аж. Батлагдсан тохиолдлууд нь өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтал, голомттой бүсээс ирж тусгаарлалтад байсан, мөн шинж тэмдэг өгч шинжилгээгээр батлагдсан иргэд аж.

Аймгийн хэмжээнд дэлгэсэн Ковидын 21 тасагт одоогийн байдлаар 573 батлагдсан тохиолдол, ойрын хавьтал 57 хүн байна. Үүнд жирэмсэн найм, 17 хүртэлх насны 172 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа аж. Нэгдсэн эмнэлгийн Ковидын тасагт маш хүнд хоёр, хүнд гурав, хүндэвтэр 24 хүн эмчлүүлж байна.

Мөн энэ хугацаанд аймгийн Нэгдсэн эмнэлгийн Ковидын тасгаас Сүхбаатар сумын 17 иргэн эдгэрч гэрийн тусгаарлалтад шилжжээ.

Короновирусний халдварын тархалтын нөхцөл байдалтай холбогдуулан иргэдийн зорчих хөдөлгөөнд хяналт тавин ажиллаж байсан хоёр постын үйл ажиллагааг нэгтгээд байна. Тухайлбал аймгийн Онцгой комиссын шийдвэрээр Шаамар-6 постыг татан буулгаж, дөрвөн замын посттой нэгтгэн ажиллуулахаар болжээ. Энэхүү пост дээр Шаамар, Алтанбулаг, Сүхбаатар сумын алба хаагчид хуваарийн дагуу гарч, 24 цагаар үүрэг гүйцэтгэх юм байна. Өнөөдрийн байдлаар аймгийн ГХБХБГ-ын алба хаагчид хуваарийн дагуу ажиллаж байна.

Холбоотой мэдээ