“Үндэсний ном, бичиг соёлын өдөр”-ийг орон даяар тэмдэглэдэг болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2021-07-07 20:44:41
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний ном, бичиг соёлоо дээдэлдэг номын баярын өдрүүдийг улс орон даяар өргөн дэлгэр тэмдэглэх үйл ажиллагаа хуульчлагдлаа.  

 

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5-р зүйлийн “Нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдрүүд” хэсэгт “Үндэсний ном, бичиг соёлын өдрүүд. Тав болон есдүгээр сарын 3 дахь долоо хоногийн амралтын өдрүүд” гэсэн нэмэлт оруулсан хуулийн төсөл энэ сарын 2-ны баасан гаргийн УИХ-ын чуулганаар хэлэлцэгдэж, батлагдлаа. Ноднин есдүгээр сарын 18-ны өдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Б.Саранчимэг, Ч.Ундрам нар өргөн барьсан билээ.


“Номын соёлт ертөнц” ТББ-ын санаачилгаар 15 дахь жилдээ зохион байгуулагдаж буй Номын баярыг нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр болгох санаачилга нь 2019 оны 12-р сарын 12-нд Төрийн ордны Сүхбаатар танхимд болсон уулзалтаас эхтэй бөгөөд уг уулзалтын үеэр ном хэвлэн нийтлэгчдийн төлөөллийг оролцуулсан хуулийн хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн асан А.Ундраа, гишүүн Б.Саранчимэг болон “Номын соёлт ертөнц” ТББ-аас зохион байгуулсан юм. Хавар, намрын тогтсон өдрүүдэд зохиолч, орчуулагч, хэвлэн нийтлэгч, хэвлэлийн газрууд хуран чуулж, хотын иргэд болон ном уншигчдын хүрээг тэлэхээр олон талт ажлыг өрнүүлэх болсон энэ түүхийг бүтээхэд амар хялбар байгаагүй бөгөөд Номын баярыг зохион байгуулахын тулд багагүй саад бэрхшээлийг даван туулж ирсэн байдаг.


Тэгвэл энэ намрын номын баяраас эхлэн Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн дагуу улс орон даяар “Үндэсний ном, бичиг соёлын өдрүүд”-ийг өргөн дэлгэр тэмдэглэх, үйл ажиллагааг нь улам бүр өргөжүүлэх боломж нээгдэж байна.


Монгол Улсад нийтээр тэмдэглэх 15 өдөр байдаг ч эрдэм билэгийг түгээн дэлгэрүүлэх хуульчилсан өдөр байдаггүй. Тэгвэл ийм өдөртэй болж байна.


Дэлхийн 100 гаруй оронд иргэдээ соён гэгээрүүлж, оюуны хэрэгцээг нь хангах зорилгоор номын баярыг тусгайлан тэмдэглэдэг уламжлалтай бөгөөд зарим улс орон үндэсний баярын хэмжээнд тэмдэглэдэг байна. Энэ өдөр хүмүүс бие биедээ ном бэлэглэх, ном уншиж өгөх, зохиолч, нийтлэгчид номоо борлуулж, түгээх, шилдэг ном шалгаруулах, номыг сурталчлах зэрэг олон төрлийн үйл ажиллагаа зохион байгуулдаг байна.


Монгол Улсад 2007 оноос эхлэн “Номын соёлт ертөнц” төрийн бус байгууллага санаачлан “Үндэсний номын баяр”-ыг тэмдэглэж иржээ. Тус төрийн бус байгууллагын санаачилгыг дэмжин Монгол Улсын Ерөнхийлөгч 2012 онд зарлиг буулгаж, жил бүрийн есдүгээр сарын 3 дахь долоо хоногийн бямба гарагийг  “Номын баярын өдөр” болгон улс орон даяар тэмдэглэж байхаар болсон байна. Монголын зохиолч, хэвлэн нийтлэгчид болон уншигчид энэхүү арга хэмжээнд идэвхтэй оролцож, жилээс жилд хүрээгээ тэлсээр өдгөө иргэд, хүүхэд, залуусын хүсэн хүлээдэг баярын нэг болоод байгаа билээ.


“Үндэсний ном, бичиг соёлын өдөр”-ийг хууль тогтоомжоор баталгаажуулан тэмдэглэх нь номын соёл түгэн дэлгэрэх, ирээдүйн уншигчдыг номд дуртай болгон төлөвшүүлэх, зохиолч, бүтээл туурвигчдын оюуны хөдөлмөрийг үнэлэх, ном уншлагыг дэмжих, хэвлэлийн компани, номын сан, ном сонирхогчдын клуб, төрийн болон төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, номын үйлчилгээ, хүртээмжийг нэмэгдүүлэхэд тустай юм.

Холбоотой мэдээ