Шаардлагатай тоног төхөөрөмж, эм эмнэлгийн хэрэгсэл татан авахаар боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2021-07-07 20:54:31

Баянхонгор /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын ээлжит гуравдугаар хуралдаанаар Ковидын үеийн эмнэлгийн тусламж үйлчилгээнд нэн шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжид шаардлагатай 740.0 сая төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэсэн. Тэгвэл аймгийн Засаг дарга Д.Мөнхсайханаар ахлуулсан ажлын хэсэг 2021.07.01-04-ний хооронд Улаанбаатар хотод албан томилолтоор ажиллаж шаардлагатай тоног төхөөрөмж, эм эмнэлгийн хэрэгсэл татан авахаар боллоо.

Ажлын хэсэгт ЭМГ-ын дарга Н.Энхжаргал, хөндлөнгийн хяналтаар Тагнуулын хэлтсийн дарга, дэд хурандаа Р.Мэндбаяр, төрийн хяналтаар аймгийн ЗДТГ-ын дарга Д.Энхжаргал нар багтсан байна. Ажлын хэсгийнхэн шаардлагатай тоног төхөөрөмжийг үйлдвэрийн үнээр татан авах талаар “Мед Импорт Монгол” ХХК-тай, Оношлуур тасралтгүй татан авахад “Шинэ Сэгэ” ХХК-тай, шаардлагатай эм бэлдмэлийн нөөц бүрдүүлэх талаар “Монос” ХХК-тай тус тус хамтран ажиллах гэрээ байгуулж, чанартай бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрийн үнээр /нэмэгдэл өртөг шингээгүй/ татан авалт хийж байхаар тохиролцов.

Энэ хүрээнд аймгийн Нэгдсэн эмнэлэгт хоёр үйлдэлт эмнэлгийн зориулалтын 100 орыг стандартын 100 ширхэг матрас, цагаан хэрэгслийн хамт, амьсгалын аппарат 5, хүчилтөрөгч өтгөрүүлэгч 18, тарианы шахуурга 8, дуслын шахуурга 10 ширхэг, Холтер ЭКГ, Зүрхний цахилгаан бичлэгийн аппарат, Хяналтын монитор, духнаас халуун хэмжигч 40, эмнэлгийн зориулалттай угаалгын машин зэрэг тоног төхөөрөмжийг ойрын хугацаанд нийлүүлэхээр болсон бол Вирусын эсрэг эм бэлдмэл, тарилгын шаардлагатай нөөц, эмнэлгийн хамгаалах хувцас хэрэгслийн татан авалт, тээвэрлэлт хийж байна.

Холбоотой мэдээ