Улсын Дээд шүүхийн шүүгчдийн сонгон шалгаруулалт зарлажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
gantuya@montsame.mn
2016-06-27 17:33:10

Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд шүүгчийн хоёр орон тоо гарсан тул Шүүхийн ерөнхий зөвлөлөөс сонгон шалгаруулалт зарласан байна.

Тус шүүхийн гавьяат хуульч О.Зандраа ШЕЗ-ийн гишүүнээр томилогдсон, мөн шүүгч Ц.Сумъяа тэтгэвэрт гарсан юм. Тиймээс хууль зүйн дээд боловсролтой, мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан, 35 нас хүрсэн Монгол Улсын иргэдийн дунд сонгон шалгаруулалт зарлажээ. Үүнээс гадна Дээд шүүхийн шүүгчид нэрээ дэвшүүлэгч нь Үндсэн хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан тодорхой шаардлагыг хангасан байх ёстой аж. Мөн давж заалдах шатны шүүхэд 5-аас доошгүй жил, өмгөөлөгч, прокуророор 10-аас доошгүй жил ажилласан болон хууль зүйн сургуульд 10 жил багшилсан байх шаардлага тавигдах юм байна.

Улсын Дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчид тавигдах шаардлага болон бүрдүүлэх баримт материалтай тус шүүхийн supremecourt.mn сайтаас танилцаж болох аж. 

Н.Туяа

Холбоотой мэдээ