Бат-Өлзий-Хужирт-Арвайхээрийг холбосон автозам барина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2021-07-09 15:51:40

Өвөрхангай /МОНЦАМЭ/. “Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө”-нд Өвөрхангай аймагт хийх дэд бүтцийн томоохон ажлууд багтжээ.

Бат-Өлзий-Хужирт-Арвайхээрийг холбосон автозам барих ажлыг концессын гэрээгээр гүйцэтгүүлэх, Арвайхээр, Хужирт, Хархорин сумын гэр хорооллын дэд бүтцийг сайжруулж, айл өрхийг цэвэр, бохир усны нэгдсэн системд холбохоор тусгасан байна. Мөн хүн ам олноор төвлөрсөн Уянга, Бат-Өлзий сумыг “Сумын төвийн шинэчлэл” төсөлд хамруулан иргэдийн ажиллаж, амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор цэвэр бохир усны нэгдсэн системд холбох шугам сүлжээний ажил хийх, зам тавих, сумын төвийг тохижуулах зэрэг ажлыг хийхээр тусгажээ.

УИХ-ын гишүүн С.Чинзориг “Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө”-г батлуулах Эдийн засгийн байнгын хорооны Ажлын хэсгийг ахалж ажилласан бөгөөд УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Г.Ганболд болон аймгийн удирдлагуудтай зөвлөлдсөний үндсэн дээр ирэх онд эдгээр ажлуудыг хийхээр багтаасан байна. 

Холбоотой мэдээ