В.Путин Монгол Улсын Ерөнхийлөгчтэй утсаар ярьж, үүрэгт ажилдаа орсонд нь баяр хүргэлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-07-09 19:46:22

МОСКВА. /TASS/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Монгол Улсын шинэ Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхтэй утсаар ярьж, үүрэгт ажилдаа орсонд нь, мөн долоодугаар сарын 11-ний өдөр тэмдэглэх Үндэсний баяр наадам, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан баяр хүргэлээ гэж Кремлийн хэвлэлийн алба мэдээлэв.


"ОХУ, Монгол Улсын найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг цаашид хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байгаагаа хоёр улсын тэргүүн нар нотоллоо. Түүнчлэн хоёр талын хамтын ажиллагааны ирээдүйтэй чиглэлүүд, тэр дундаа эдийн засгийн салбарт харилцан ашигтай төслүүдийг хэрэгжүүлэхэд хамтын ажиллагаагаа бэхжүүлэхэд бэлэн гэдгээ цохон тэмдэглэлээ. Мөн коронавирусний халдварын тархалттай тэмцэхтэй холбоотой сэдвийг хөндөв” гэж ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба онцлон тэмдэглэжээ. 


Үүнээс гадна, "энэ жил дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэх хамтарсан төлөвлөгөө амжилттай хэрэгжиж байгааг онцлоод, бүс нутгийн болоод олон улсын тулгамдсан асуудлаар, түүний дотор олон талт тавцангуудад хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн уялдуулах нь чухал болохыг онцлон тэмдэглэж, янз бүрийн түвшинд харилцаа холбоогоо үргэлжлүүлэхээр тохиролцсон байна.


Монгол Улсын эрх баригч Монгол Ардын Намын дарга Ухнаагийн Хүрэлсүх өнгөрсөн сарын 9-нд болсон ерөнхийлөгчийн сонгуульд ялсан юм. Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу монголчууд анх удаагаа төрийн тэргүүнээ зургаан жилийн хугацаатай сонгожээ.


Холбоотой мэдээ